Монголын сөрөг хүчин Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр саяхан болсон УИХ-ын ээлжит сонгуулиар ардчиллын эв нэгдэл, нэр хүндийг унагасан үйл ажиллагаа явуулсан хоёр гишүүнээ намаасаа хөөсөн байна. Энэ талаар АН-ын хэвлэлийн албанаас ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлэв.

Тус намын хэвлэлийн албанаас “Манай намын дарга долдугаар сарын 1-ний энэ өдөр, УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтийг санаатайгаар хууль бус үйлдэлд уриалан, ардчиллын нэр хүнд, эв нэгдлийг гутаасан үйлдлүүдийг удаа дараа гаргасан хоёр гишүүнийг намаас хөөсөн” гэж мэдээлсэн байна.

Монгол Улс парламентын засаглалтай. УИХ-ын сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаа томилдог. Ардчилсан нам 2016 онд эрх мэдлээ алдсанаас хойш дотооддоо хагаралтай хэвээр, олны анхаарлыг татсан дуулиан тасраагүй.

Монголын улс төрийн энэхүү хүчний хамгийн “дуулиан”-тай гишүүд бол тус улсын экс Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж (2009-2017), Халтмаагийн Баттулга (2017-2021) нар юм. Тэд хоорондоо эв, түнжин муутай. Х.Баттулга энэ удаагийн сонгуулиар Монгол Улсын түүхэнд мажоритар тойргоос УИХ-д сонгогдсон “анхны Ерөнхийлөгч” болов.

Үүний зэрэгцээ 2024 оны дөрөвдүгээр сард тус намын хэд хэдэн гишүүн Х.Баттулгыг ОХУ-ыг дэмжсэн бодлого барьж, удаа дараа намын үзэл суртлын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Ардчилсан намаас хөөхийг шаардаж байсан. Тэрбээр “АН-ыг үүсгэн байгуулагчид, тэр дундаа Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржийг Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой, намаас хөөх хэрэгтэй” гэж мэдэгдэж байжээ.

Монголын сөрөг хүчин парламент дахь 11 суудлаа 43 болгож нэмэгдүүлэв

Монгол Улсын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд парламент дахь 11 суудлаа 43 болгож нэмэгдүүлсэн.

Тус намын хэвлэлийн албанаас “Ардчилсан нам 200 мянган гишүүнийхээ өмнөөс бидний төлөө саналаа өгсөн 430 гаруй мянган сонгогчдоо талархаж байгаагаа илэрхийлж, тэдний саналын ачаар УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн тоо 11-ээс 43 болж өслөө” гэж мэдээлэв.

Монголын УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг гараар тоолж, дүнг баталгаажууллаа

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн бүх саналын хуудсыг зургаадугаар сарын 28-нд гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй талаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн.

Тус хороо “Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 2198 хэсгийн хороонд 25.7 мянган ажилтан камерын хяналт дор, хяналтын тооллого хийхэд зөрчил гараагүй. Энэ үйл ажиллагааг 29680 ажиглагч, сэтгүүлч ажигласан” гэж мэдээлэв.

Хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн дүнг санал хураалт болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор албан ёсоор зарлана. Одоогийн байдлаар Монгол Улсын эрх баригч Ардын нам 35 хувь, гол сөрөг хүчин Ардчилсан нам 30.1 хувь, Хөдөлмөрийн үндэсний нам 10.4 хувь, “Үндэсний эвсэл” 5.2 хувь, Иргэний зориг ногоон нам 5.2 хувийн санал тус тус авсан нь тодорхой болов.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу