Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ес дэх удаагийн парламентын анхдугаар хуралдааныг хуулийн дагуу маргааш (2024.07.02) 10.00 цагт хуралдуулахаар товложээ.

Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу анхдугаар чуулганыг нээж үг хэлэх бөгөөд парламентад сонгогдсон хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл чуулганыг удирдан явуулах юм.

Анхдугаар чуулганаар УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргыг сонгох бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрыг байгуулахаар ярилцаж байгаа аж. Сонгуулийн дүнгээр олонх болсон эрх баригч МАН УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа тодруулах билээ.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйл. Улсын Их Хурлын анхдугаар чуулган

18.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр анхдугаар чуулганы үйл ажиллагаа эхэлнэ.

18.2.Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ.

18.3.Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална.

18.4.Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина.

18.5.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна.

18.6.Гишүүн тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно.

18.7.Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.

18.8.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд энэ хуулийн 18.4, 18.5, 18.6-д заасан журмыг баримтална гэж тус тус заажээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу