Т.Бадамжунайгийн гар хаа хүрэхээс шалтгаалж Их хуралд нэр дэвшигчдийн нэрс тодрох, сайдаар томилогдох, чөлөөлөгдөхөөс эхлээд МАН бүү хэд АН ч түүнд хамааралтай цаг үе байсан. Жунай цагтаа МАН-ын гол тоглогч бус, АН-д холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэгдэг байв. Үнэндээ түүнтэй уулзах гэсэн улстөрчид залбирч очдог цаг байсан юм аа. Түүнгүйгээр өрнөсөн улс төрийн цучил тэгсгээд тэндээ утаа май ч болж амжилгүй унтардаг байлаа. Парламентад ганц хоёр сонгогдсон хүмүүс улс төр гэж хэл, хөлөө олоогүй байхад “хаан” явсан үе түүнд бий. Жунайгийн оролцоогүй улс төр гэж байсангүй. Монголын улс төрийн Моцарт шахуу “амьтан” жаалдаг байсныг мартаагүй байх ёстой. Цагтаа улсын эзэн явсан Намбарын Энхбаяр түүнээс халгаж, Санжийн Баяр жийрхдэг тийм л хүн байсныг учир мэдэх улстөрчид хэлдэг. Өнөөдрийн эрх баригч намын лидерүүдийг тэтгэж улс төрд оруулсан талаар сүүлийн үед идэвхтэй яригдаж эхэллээ. Улс төрд сайнаараа ч тэр, муугаараа ч тэр яах аргагүй үлдсэн хүн. Ялагдсан МАН-ын санхүүжилтийг босгож өгөөд ялалтын туг хатгахад ард нь чимээгүй суусан гэлцдэг. 

Өдгөө эрүүний сахал нь ч бүрэн ургаагүй “пацаан”-ууд, хаврын ногоонд гэдэс алдсан нялх хурганууд түүнийг чичэлж байна. Тэр тусмаа МАН-ынхан. Гэхдээ Т.Бадамжунайгийн сүүдэр аль хүрч тусахыг тэд мэдэхгүй. Хотын менежерээс улс төрийн менежер болсон Жунайг улс төрийн хүрээлэл дундаа муулах хүн Ж.Сүхбаатар гишүүнээс өөр бараг гарахгүй болов уу. Жу дарга гэж хэн бэ гэдгийг МАН-ынхан дэндүү сайн мэднэ дээ. 

Л.Оюун-Эрдэнийн хүчээр шахам сэвэлзүүлэх гэж хичээж байгаа шударга ёсны салхинд Т.Аюурсайханаасаа эхлээд шавхуурдуулан унаж байгаа харагдах юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагааны хүрээнд монголоос “ниссэн” Т.Бадамжунайг монголд авч ирнэ гэж эрс мэдэгдсэн. Ер нь бол эх орноосоо яваад хэдэн жил болчихсон тэрбээр “Монголдоо очмоор байна. Чийгтэй халуун оронд тийм ч сайхан биш байна” хэмээн ам нээсэн талаар ойр тойрныхон нь хэлж байгаа юм. Түүнийг хурдан авч ирж, ясыг нь цайтал шалгах ёстой гэсэн бүлэг байхад “Битгий ирээсэй” хэмээн ханцуйдаа залбирч байгаа улстөрчид тэднээс олон байж мэднэ. Жунай монголоос гарч явснаас хойш дөрвөн жил орчим болж. Филиппин, Сингапурын хооронд л ирэн очиж байдаг тухай барин тавим яриануудаас өөр баттай зүйлс ил болоогүй. Х.Нямбаатар өнөөдөртөө л Хууль зүй, дотоод хэргийн сайд болохоос Т.Бадамжунай бол дэргэд нь Ц.Нямдоржоос том явлаа. Цаст улаан цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулна гэдэг. Гэхдээ тэр арай л шоргоолжны хоол болчих хэмжээнд суларчихаагүй байгаа гэнэ лээ. 

Тэр ирснээр нялх Сэнгүмүүдэд тарих балаг бага. Өнөөдөр Их хурлын гишүүн гэж хөөрч байгаа залуусын яг үнэндээ Т.Бадамжунай таних ч үгүй. Тийм учраас тийм балчируудыг тоохгүй. Эсрэгээрээ “дээдэс”-т тун халгаатай байх нь дамжиггүй. Иргэн Т.Бадамжунайгийн юу гэж хэлэхээс их л олон улстөрчийн цаашдын зам мөр шалтгаална. Нэг хэсэг нь түүнийг монголд авч ирнэ гэж цээж дэлдэн дөвчигнөж байхад нөгөө талд нь ирүүлэхгүй гэж амиа аргацааж байгаа хэсэг ч бий гэдгийг мартаж болохгүй.

“Шувуу” ажиллагаа эрчимжвэл тэр монголд ирнэ. Бас өөрөө хүсвэл хүрээд л ирнэ. Ирэх ирэхдээ их эвгүй ирнэ гэх яриа улс төрийн хүрээнд чих дэлсэх болов. Жунай бол МАН-ын сонгуулийн санхүүжилтийг босгодог, улс төрд явах хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, хүссэн хүнээ улс төрд оруулж, хүссэнээ зайлуулж чаддаг тийм хүн. Төрийн гурван өндөрлөгийн зарим нь түүнээс санхүүжилт авч, улс төрд мөр, чигээ гаргасан гэдэг. 

Өнөөдөр Т.Бадамжунай шиг тоглоомчин, авлигач алга гэх яриа гарсаар байна. Энэ том намын санхүүг босгож ирсэн хүн ганц хоёр зуун сая төгрөг өөртөө нааж л байсан байлгүй. Нам, улс төрийн санхүүжилт босгож, томилгоо ярихын тулд 100 грамм татаж, 5-10 саяар бооцоо тавьж ганц хоёр хөзөр дээш, доош нь эргүүлэхгүй байна гэж байх уу. Тэр ирснээр хэн хэний замыг засан санхүүжилт өгч, намдаа хэнээс хэдэн төгрөг авч хандив бүрдүүлж явснаа хар дэвтэр дээрээсээ шууд нэрлэх юм гэсэн. Тэгээд ч үхсэн буурын толгойноос амьд ат айдаг хойно олон хүн ханцуйдаа залбирч суугаа биз. Жунай ирж жудаг зааж үлдэх үү, Жунайгийн хэлсэн үгэнд чирэгдэж олон хүн дээлээ нөмрөх үү гэдэг цаг хугацааны асуудал болж байна.

Э.БОЛД

2 САНАЛ

  1. Нээрээ ч Жунайг битгий ирээсэй гэж айх улс төрч их байгаа байх даа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу