Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. (2023.04.04)

Шүүх хурлын үеэр Д.Мөнх-Эрдэнэ өмгөөлөгчөө солихыг хүсэж, одоог хүртэл хэргийн материалтайгаа танилцаагүй учир танилцахыг хүслээ. 

Тэрбээр “2020 оноос хойш АТГ-аас шалгаж байгаа Хөх Хотод ерөнхий консулаар ажиллаж байсан хэрэгт хоёр өмгөөлөгтэй байсан. Гэтэл нэг нь төрийн албанд ажилладаг болсон. Мөн өмнөх шүүх хурлын үеэр нөгөө өмгөөлөгчөөсөө татгалзсан байгаа. Тийм учраас энэ хэрэгт өмгөөлөгчгүй болчихоод байгаа юм. Энэ хэрэг санхүүгийн асуудалтай холбоотой учраас санхүүгийн мэргэжлийн, туршлагатай хоёр өмгөөлөгч олох шаардлагатай байна. Миний бие цагдан хоригдож байгаа учраас өмгөөлөгч олох боломжгүй.  Ар гэрээс маань надад өмгөөлөгч санал болгосон боловч уулзаад үзэхэд шаардлага хангаагүй. Тийм учраас өмгөөлөгч авах боломжоор хангаж өгнө үү. 

Мөн би өөрт холбогдсон хэргийн материалтай огт танилцаагүй. Өмгөөлөгч авч байгаад хэргийн материалтайгаа нухацтай танилцмаар байна” гэлээ. 

Түүнийг Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн зэрэг хэрэгт буруутгаад байгаа билээ.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн 22.1.1 Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.4.1 Нийтийн албан тушаалтан хахууль өгөх Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 Хахууль өгөх 1 дүгээр заалт нь Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу