НЭМЭЛТ: 10:45 ЦАГ

УИХ-ын насаар хамгийн ахмад гишүүн эхний тангараг өргөж, бусад гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар тангаргаа өргөх ёстой. Энэ дагуу УИХ-ын хамгийн ахмад гишүүн, өдгөө 73 настай, академич Дүгэрийн Рэгдэл тангараг өргөх ёслолыг эхлүүлж, гишүүд тангаргаа өргөсөн юм.

УИХ-ын гишүүний тангараг:

Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна. Миний бие энэхүү тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.

УИХ: 126 ГИШҮҮНТЭЙ ШИНЭ ПАРЛАМЕНТЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Их хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын анхдугаар чуулган өнөөдөр (2024.07.02) 10.00 цагт эхэллээ. Чуулганы хуралдааныг Д.Рэгдэл даргалан явуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдааныг нээж үг хэллээ.

Өнөөдрийн анхдугаар чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

-шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;

-Улсын Их Хурлын даргыг сонгох;

-нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;

-Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;

-Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;

-Ерөнхий сайдыг томилох;

-Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;

-Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;

-Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах багтжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2024.07.01) 93 тоот зарлиг гаргаж, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарласан. Тус зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагт товлон зарласугай” гэж бичсэн билээ.

СОНГУУЛИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг танилцуулъя. Сонгогчдынхоо итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд ээ. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хзрээнд УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн хуульд заасны дагуу зургадугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Мөн гадаадад байгаа сонгогчдоос санал авах ажлыг 33 улсын 47 дипломат төлөөлөгчийн газар зургадугаар сарын 21-23-нд амжилттай зохион байгууллаа. Үндсэн хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд төр барих дээд байгууллагад төлөөллөө сонгосон нийт сонгогчиддоо мөн талархал илэрхийлье.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

 

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу