Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Олон улсын “Вирту” байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын мэдрэлийн мэс заслын эмч, профессор Реза Яассари, Саади Гатан нарын эмч нарын баг хэрэглэх багаж хэрэгсэлтэйгээ Монголд ирж, 2024 оны зургаадугаар сарын 1-нээс 15-ны өдрүүдэд УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасагт ажиллажээ.

Тэд 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийсэн. Нийт 34 эмчлүүлэгчид эрсдэл өндөр, нарийн, төвөгтэй хүнд мэс заслууд хийгдсэн ба үүнээс 13 хүүхдэд мэс засал хийсэн байна.

Тархины чамархайн дэлбэнгийн хавдар, хатангиршил, сорвижил, тархины гадаргын дисплазийн шалтгаант эмэнд тэсвэртэй уналт таталттай эмчлүүлэгчид эпилепсийн голомтыг тайрч авах, амигдалагипокампэктоми, каллозотомийн мэс заслууд хийжээ.

Олон эмэнд тэсвэртэй эпилепси оноштой, өдөрт олон удаа таталт өгч биеийн байдал нь хүндэрсэн 5 настай хүүхдэд гемисферотоми буюу тархины тал бөмбөлгийг нэлэнхүйд нь суурийн зангилаанаас нь салгах мэс засал Монгол Улсад анх удаа хийгдсэн байна. Мэс заслын дараа хүүхдэд уналтын тоо буурсан, түр зүүрын саа үүссэн байсан нь сэргэж эхэлжээ.

Тархи усжилттай хүүхдүүдэд тархины 3-р ховдолын доод ханыг нээж суваг үүсгэх, хажуу ховдлын судсан сүлжээг түлэх мэс заслууд хийгдсэн аж. Мөн тархины ховдол доторх хавдраас дурангаар дээж авчээ.

Хүзүүний олон нугалам хамарсан өмнөд болон арын бэхэлгээт мэс засал, нугасны АВМ, хүзүүний түвшин дэх нугасны том хавдар, гулсалт болон нурууны мурийлт засах зэрэг мэс заслууд хийсэн байна.

Тасгийн эмч нарт “Хүзүүний спондилоз” сэдвээр Реза Яасари эмч лекц уншиж, “Эпилепси өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” хуралд Саади Гатан эмч “Эпилепсийн мэс засал” сэдвээр илтгэл тавьсан.

Мэс заслын жагсаалт

1. Таталтын голомт тайрах мэс засал-12
2. Тархины дурангийн мэс засал/ETV,CPC/-2
3. Нугасны өөхөн эдийн хавдар авах-1
4. Нугасны ивэрхий нөхөх-2
5. Арнольд Киарын гажиг засах. Тархи, нугасны дарагдал чөлөөлөх-1
6. Хүзүүний түвшин дэх нугасны хавдар авах мэс засал – 1
7. Хүзүү сээрний арын бэхэлгээт мэс засал-6
8. Хүзүүний нугалмын хугарал бэхлэх – 2
9. Хүзүүний хиймэл жийргэвч, өмнөд бэхэлгээт мэс засал – 4
10. Нурууны мурийлт засах мэс засал-1
11. Нугасны АВМ авах мэс засал – 1 зэрэг мэс засал тус тус хийгдэж эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч, шарх нь цэвэр эдгэж байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу