“Rio Tinto” компани “Оюу Толгой” зэсийн төсөлд эзэмших хувиа 66 хувь болгож хоёр дахин өсгөснөөр 2023 оны зэсийн гарцын төлөвөө нэмэгдүүллээ. 2023 онд 500-575 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэж өмнөх онд үзэж байсан бол 650-710 мянган тонн олборлох болгож өсгөжээ.

“Оюу Толгой”-ийн гүний уурхайн төслийн ахицыг харвал хүдэр буулгуурын ажил эрчимжиж, 2023 оны эхний хагаст “Панел 0”-ийн тогтвортой үйлдвэрлэлийг эхлэх төлөвлөгөөнийхөө дагуу явахаар байна. Мөн “Панел 1”, “Панел 2”-ын судалгааны ажлыг 2023 оны эхний хагастаа багтаан дуусгах хэвээр байгаа юм.

Тус компани 2022 онд 521 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь 2021 оныхоос зургаан хувиар өссөн дүн боллоо. Үүнд “Kennecott”, “Escondida” төслүүдэд зэсийн гарц сайн байсан бол “Оюу Толгой”-ийн гарц тооцоолж байснаас муу байсан нь нөлөөлжээ.

Түүнчлэн 2022 оны VI улиралд “Kennecott”-ийн төсөлд төлөвлөгөөнд байгаагүй засвар хийх шаардлагатай болсноор 2023 оны эхний үлиралд үйлдвэрлэл нь буурах төлөвтэй байна.

Эрчим хүчний шилжилтэд чухал шаардлагатай тавааруудын үнэ өсөх төлөвтэй гэж “Goldman Sachs” үзэж байгаа бол нөгөө талаас БНХАУ-д Covid-19-ийн халдвар нэмэгдсэнээр ирэх улиралд эрсдэл нэмэгдэж, савлагаа өндөр байж магадгүйг тус компани анхааруулж байлаа.

“Rio Tinto” хоёрдугаар сарын 16-ны өдөр бүтэн жилийн санхүүгийн тайлангаа танилцуулахаар байгаа юм.