Хятад улсын дарга Ши Жиньпин долдугаар сарын 3-ны өдөр Казахстанд төрийн айлчлал хийж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 24-р хуралдаанд оролцохоор хүрэлцэн иржээ.

Энэ нь Ши Жиньпиний Казахстанд хийж буй тав дахь айлчлал юм. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны олон талт харилцаа, хамтын ажиллагаанд дахин анхаарал хандуулна гэж найдаж буй юм байна.

Тэрбээр тус улсад хүрэлцэн ирэхдээ Хятад, Казахстаны түншлэлийн харилцааг “өвөрмөц” хэмээн нэрлээд, “Хоёр орны мөнхийн найрамдалт харилцаа цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхжиж, хөрш орнуудын эв нэгдэл, харилцан ашигтай, харилцан амжилтад хүрсэн үлгэр жишээ болж байна” гэжээ.

Ши Жиньпин Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай хийх хэд хэдэн уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцах төлөвтэй байгаа аж. Эдгээр яриа хэлэлцээнд худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил, соёл урлаг зэрэг асуудлуудыг голдуу хөндөх төлөвтэй байгаа юм байна.

Казахстаны засгийн газраас мэдээлснээр, Хятад, Казахстаны харилцан итгэлцэл, улс төрийн харилцаа гүнзгийрч, сүүлийн 30 жилд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь мэдэгдэхүйц нэмэгджээ.

Хятад улс 2023 онд Казахстаны хамгийн том худалдааны түнш болж, хоёр талын худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсч, 41 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Казахстанаас Хятад руу экспортлох гол бүтээгдэхүүнд түүхий нефть, металл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн багтдаг бол Хятад улс Казахстанд машин техник, цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг ажээ.

Эх сурвалж: XINHUA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу