ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2023.04.04) Эрдэнэс Монгол ХХК-д ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцаж байна. 

Энэ үеэр тэрбээр “Эрдэнэс Монгол болон түүний харьяанд байгаа охин компаниудыг цаашдаа ашигтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатай.

Төрийн өмчийн компани гээд ашиггүй ажиллаж байдаг тэр үеийг дуусгавар болгоно. 

Төрийн өмчит үйлдвэрийн газар 50 тэрбум төгрөгийн орлого олчихоод 50 тэрбумын зарлага гаргаад сууж байхын төлөө биш бусад хувийн хэвшлийн ААН-үүдийн нэгэн адилаар үр ашигтай ажиллах зорилтоо хангахын төлөө зорьж ажиллах ёстой. Үүнийг хангуулдаг төр болохын төлөө бид тодорхой шаардлага тавьж, холбогдох дүрэм журмуудыг шинэчилж байна. Энэ хүрээнд Эрдэнэс Монгол болон ТӨБЗГ-ын харьяанд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компаниудад дахин ур чадвар дээр суурилсан шалгалт явуулна. Цаашдаа ТӨК-ийн үр ашгийг бодитоор тооцдог болно. Энэ хүрээнд Эрдэнэс Монгол компанийн харьяанд байгаа 39 охин компаниас 7 компанийг ойрын хугацаанд татан буулгана. Цаашлаад үйл ажиллагаа нь ижил төстэйгөөр нь нийлүүлж, нэгтгэнэ.

ТТӨБЗГ-т 80, Эрдэнэс Монгол ХХК-д 39, нийт дүнгээрээ 120 төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр орон нутгийн өмчийн компаниудыг нэмбэл бүр их тоо болно. Эдгээр компанийн тоог 2023 онд 50 хүртэлх хувиар бууруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хуралдсан Засгийн газрын хуралдаанаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог цөөлж, үр ашгийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Нийт 270 орчим төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байдаг юм байна. Үүнийг 27-д багтаах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгч байсан. Тэгвэл энэ зорилт өнөөдрийн байдлаар бүрэн дүүрэн хангагдах нөхцөлөө бүрдүүлж чадлаа. Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд нэг байна. Эрдэнэс Монголын харьяанд байгаа зэс болон нүүрсний группийн түвшинд нэг байж үйл ажиллагаа явуулах боломжоо нээж байна. Энэ бүгдийг дагаад асар их хэмжээний төсвийн хэмнэлт бий болох нөхцөл бүрдсэн”  гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу