Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак Вашингтонд айлчлах үеэрээ Мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзжээ. Сэтгүүлчид түүнээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын “Мөргөлдөөнийг маш богино хугацаанд зогсоож чадна” гэсэн мэдэгдлийн талаар асуусан байна.

Тэрбээр “Украин дайныг зогсоохын тулд ОХУ-д буулт хийж, газар нутгаа өгөхгүй. Киев хэрхэн “шударга энх тайван” тогтоох талаарх ямар ч зөвлөгөөг сонсоно.

Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсон. Гэхдээ бид маш чухал, үнэт зүйлс… тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлынхаа төлөө буулт хийхгүй” гэж хэлжээ.

Ермак НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ийнхүү АНУ-д айлчилжээ. Ирэх долоо хоногт Вашингтонд болох тус уулзалтаар Украины асуудлыг онцлон хэлэлцэх бололтой.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай өрсөлдөж буй, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Трамп өнгөрсөн долоо хоногт болсон халз мэтгэлцээний үеэр “Хэрэв ирэх арваннэгдүгээр сард дахин сонгогдвол нэгдүгээр сард албан тушаалдаа орохоосоо өмнө Украины дайныг маш богино хугацаанд зогсооно” гэж мэдэгдсэн билээ.

Тэрбээр хэрхэн гал зогсоох тухайд тодорхой тайлбар хэлээгүй байна. “Ройтерс” агентлаг өнгөрсөн долоо хоногт “Трампын хоёр зөвлөх түүнд “Киев Москватай хэлэлцээрт орохгүй бол АНУ-ын тусламжийг бууруулна” гэж сүрдүүлэх төлөвлөгөө танилцуулсан” гэж мэдээлжээ.

Трамп мэтгэлцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины болзлыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн. Путин “Хэрэв Киев Москвагийн эзэмшиж буй зүүн болон өмнөд дөрвөн бүс нутгийг шилжүүлэн өгөхийг зөвшөөрвөл Орос дайныг зогсооно” гэж мэдэгджээ.

Трампын “Дайны асуудлыг шийдвэрлэнэ” гэж хэлсэн талаар Украин ямар байр суурьтай байгаа талаар тодруулахад Ермак “Би мэдэхгүй. Хэрхэхийг харцгаая” гэж хариулсан байна. Мөн дайн эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд америкчуудын дийлэнх Украиныг дэмжсээр байгааг санал асуулга харуулсан гэж мэдээлжээ.

Ермак ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэлэхдээ “Америкийн ард түмэн шийдвэрээ гаргана. Бид сонголтыг нь хүндэтгэнэ” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу