Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор өнөөдөр (2024.07.03) эх орноосоо мордсон билээ. Тэрбээр явахаасаа өмнө ЕТГ-ын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг томилсон байна.

Тус газрын дарга Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тул түүний оронд ажиллах хүнийг сонгосон нь энэ юм.

Г.Занданшатарын товч намтар: 

1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.

    • 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач,
    • 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,
    • 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,
    • 2000-2003 онд Хаан банкны дэд захирал,
    • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,
    • 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
    • 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд,
    • 2012-2013 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
    • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,
    • 2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
    • 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
    • 2019-2024 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу