Дэлгэр цаг дэргэд иржээ. Аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө ч хаа сайгүй түгж буй. Мэдээж айл бүр аялалд зориулан бэлтгэсэн хэрэгсэлтэй байдаг. Харин төдийлөн анзаардаггүй хэр нь аяллын туршид хамгийн их хэрэг болох зүйлсийг мартах нь олон.
Hiking Safety Basics | Cold Spring Harbor Library
Мэдээж хүн бүхний мэддэг, майхан, сандал ширээ, хоол хүнс, зургийн аппарат зэргийг энд нэрлээгүй. Харин нэг их зай эзэлдэггүй хэр нь хамгийн мартах магадлалтай чухал зүйлсийг дурдаж байна. 

Hiking checklist: Essential gear for the trail

  1. Эмнэлгийн хэрэгсэл. Аяллын замд хүний бие хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг таашгүй. Тэр тусмаа зуны улиралд монголчууд хүнд хоолыг аялал зугаалгаар зооглох нь их. Ингэхдээ хэтрүүлэх болон олон төрлийн таарамжгүй хүнсийг хэрэглэдэг. Тиймээс ямар ч ямар ч эрсдэлийн үед хэрэглэх боломжтой хэрэгслийг бэлдээрэй.
  2. Хувцас. Шулуухан хэлэхэд аялалд чемодан дүүрэн хувцас хэрэггүй. Харин хүйтэн болон халуунд өмсөх хоёр ээлжийн л хувцас хангалттай. Ингэхдээ гарын шуу, хөл шилбийг бүрэн хаасан хувцас илүү тохирно. Байрлаж буй газрын ялаа шумуулын байдлыг урьдчилан мэдсэнээр хувцсаа тааруулах боломжтой.
  3. Хүрз, алх, бахь. Монгол орны үзэсгэлэнт газрууд гол төлөв хүний хөлөөс зайдуу буйдхан нутагт бий. Харин тэр хүрэхэд машины бүрэн бүтэн байдал маш чухал. Сайнаар бодоход шаварт суухгүй байлаа гэхэд майхан дэлгээд амрах үедээ галын эргэн тойронд аюулгүй зурвас бий болгох боломжтой. Сүүлийн үед олон үйлдэлт хүрз хэрэглээнд нэвтэрсэн тул ашиглахад илүү хялбар болсон. Алх бахь зэрэг нь ч мөн хэрэгцээтэй.
  4. Уяа олс. Тэр бүр нүдэнд тусаад байдаггүй хэр нь хээрээр гэр хийж явахад бүх л зүйлд хэрэг болдог эд бол уяа, олс юм. Уутны амсар боох нарийнаас эхлээд машин чирэх хэмжээний бүдүүн хүртэл 2-3 олс машиндаа хийчихэд хэзээд хэрэг болно.
  5. Хогийн уут. Байгалийн сайхныг үзэж сэтгэл санаагаа баясгасан бол анх байсан чигээр нь л үлдээх хэрэгтэй. Байгаль бидэнд өгч буй сайхан бүхэн үнэ төлбөргүй байдаг. Тэгвэл бид үнэгүй зүйл хэрэглэчихээд оронд нь ул мөрөө үлдээж, хог овоолох тохиолдол цөөнгүй. Хог хаягдлаас үүдэн таны харсан үзэсгэлэнт газар ирэх жил гэхэд балран доройтсон байх болно. Тиймээс хаана ч, хэдий хугацаагаар аялсан бай авч ирсэн бүх хогоо аваад буцдаг байгаарай.
  6. Чүдэнз. Яагаад заавал асаагуур байхад чүдэнз хэрэгтэй гэж бодож байж магад. Учир нь байгальд учирч болох гэнэтийн зүйлс дэндүү олон. Асаагуур нэг удаа усанд орох эсвэл гадаа хоноход л асахаа больдог. Харин чүдэнзийг битүүмжлэн хадгалснаар ямар ч нөхцөлд гал гаргах боломжтой. Ил галгүй аялал зугаалга гэж үгүй биз ээ.
  7. Скоч. Хөдөө гадаа амьдрах биш ганц хоноод ирэхэд гэж бодож байж болох юм. Тэгвэл ямар нэгэн байдлаар урагдаж цоорсон майхан, хувцас уут сав гээд гэнэтхэн л скочны хэрэгцээ гарахвий. Мөн эрүүл мэндийн анхан шатны тусламжид ч скоч чухал үүрэг гүйцэтгэдэг.
  8. Утас зүү. Дээр дурдсанчлан хаана ч юу ч болохыг таашгүй. Та жижиг уутанд бэлдэж хийгээд машиныхаа хайрцагт хийчихсэн байхад зай эзлэхгүй ч ямар нэгэн байдлаар хэрэг болох л болно.
  9. Гар ариутгагч, спирт. Хэдэн өдрийн турш олон газраар явж явж эцэст нь сайхан оройн хоол зооглох гэтэл гар тань нэг л бохир, тухгүй болчихдог биз дээ. Байгаль дэлхий хэдий үзэсгэлэнтэй байлаа ч олон төрлийн өвчин үүсгэгч нян хаа сайгүй бий. Тэр тусмаа гол нуурын ус нь тийм ч эрүүл тунгалаг биш. Хүний буруутай үйлдлээс хамаарч сүүлийн жилүүдэд ихээр бохирдох болсон. Тиймээс гараа сайтар ариутгасны дараа хоолоо идэх хэрэгтэй.
  10. Хутга. Гэрийн эзэгтэй нар бэлтгэлээ базаахдаа мартахгүй байж магад. Гэхдээ хоол хүнсэнд зориулснаас гадна олон үйлдэлт жижиг оврын хутга заавал аваарай гэж зөвлөе. Эрт үеэр хутгаар олон төрлийн багаж зэвсэг хийж ирсэн. Тиймээс нэгэнт л байгальд аялж байгаа бол байгалийн хуулийн дагуу хэсэгхэн аж төрөх хэрэг гарж магад. Халбага сэрээ мартсан үед гарын дүйтэй нэг нь халбага зороод өгөхийг ч хэн мэдлээ. Энэ нь магадгүй таны аяллыг илүү адал явдалтай болгож ч болох юм.
Дээр дурдсан зүйлс таны аялалд ямар нэгэн байдлаар хэрэг болно гэдэгт итгэж байна. Бусад зүйлсийг гэрийн эзэн, эзэгтэй танд үлдээж байна. Явсан газартаа хог үлдээлгүй, эрүүл зөв аялцгаая.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу