Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад 2024 оны долдугаар сарын 8-наас 15-нд төрийн айлчлал хийх юм байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох ажээ. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм байна.

Түүнчлэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно.

Энэхүү айлчлал Монгол, Бутан хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Бутаны хаан Жигмэд Гэсэр Намжил 1980 онд өмнөх ван Жигмэд Сэнгэ Ванчигийн ууган хүү болон гуравдугаар хатан Цэрэн-Ядамаас төржээ. Эцэг эх нэгтэй Дэчин-Янжин, Жигмэддорж хоёроос гадна эх өөр долоон дүүтэй.

Бутандаа дунд сургууль дүүргэж, Америкийн Филиппс, Кашинг, Витонг зэрэг дээд сургууль, Их Британийн Оксфордын Их Сургуульд номын дуу сонсчээ. Тэрбээр 2002 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейд үг хэлж, 2006 онд Тайландын вангийн 60 насны ойд оролцсон байна.

2005 онд Жигмэд Сэнгэ Ванчиг өөрийн хаан ширээг ууган хүүдээ 2008 онд шилжүүлэхээ мэдэгджээ. 2006 онд төрийн хэргийг Жигмэд Гэсэр Намжил Ванчигт шилжүүлсэн бөгөөд хаан ширээнд залах ёслол 2008 онд болжээ. Жигмэд Гэсэр Намжил Ванчиг 1990 онд Тхимпхуд төрсөн Жавзанбадамтай 2011 онд гэрлэсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу