УИХ түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болж, бүл нэмээд буй. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнийн “таалал”-аар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан шинэхэн парламентын дарга болсон бол хуучин спикер Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдоод буй.

Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын даргын томилгоотой холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “УИХ-ын дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орж, парламентаас гадуур эрх эдэлдгийг зогсоох ёстой. УИХ-ын дарга тэнд тусдаа эрх эдлээд сууж байдаг бүтэц байж болохгүй. Үндсэн хуульд ч үүнийг зааж өгөөгүй.

Парламентын засаглалтай ардчилсан улсад парламент нь гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ нэг байшинд холилдож байдаггүй. Иймд энэ удаагийн УИХ зориг гаргаж, Төрийн ордноос Засгийн газраа гаргана гэж итгэж байна.

Эвслийн Засгийн газар байгуулагдах яриа албан бусаар яригдаж байх шиг байна. Энэ тохиолдолд парламент суларна. Хуулийн засаглалыг тогтооё гэж байгаа бол авлигатай тэмцэх ажилд парламент тэргүүлэн оролцох ёстой” гэсэн.

Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд өчигдөр (2024.07.02) хуралдаж, парламент дахь бүлгийн даргаараа О.Цогтгэрэлийг, УИХ-ын дэд даргаар Д.Пүрэвдорж нарыг тус тус томилсон.

МАН-ын хувьд Засгийн газраа хамтран байгуулах хүсэлтэй байгаа бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар улиран сонгогдсон О.Цогтгэрэл “Ардчилсан нам айлын хатавчинд очиж суухгүй” хэмээн хатуухан байр суурь илэрхийлээд байгаа юм.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр (2024.07.02) хуралдаж, хамтарсан Засгийн газар байгуулахтай холбоотойгоор УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нар багтаж буй.

Тус намын Бага хурал маргааш (2024.07.04) хуралдаж, сайд нарын томилгоо, Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх мэдээлэл байна. Мөн хамтарсан засгийн газар байгуулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээс гадна зарим дэд сайд, холбогдох албан тушаалтнуудын томилгоотой холбоотой асуудлууд яригдах нь.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэр яригдаж байгаа аж. Зарим эх сурвалж МАН-аас УИХ-ын дэд даргад Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын нэр яригдаж байгаа талаар мэдээлж байна.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт ажиллаж байсан сайд нараа чамгүй сайн ажилласан хэмээх дүгнэлт өгч, Н.Учралаас бусдыг нь танхимдаа улираан ажиллуулах сонирхолтой байгаа бололтой.

Нам доторхи тохироогоор Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг сайдаар нь үлдээж, Цахим хөгжлийн сайд Н.Учралыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох тохироо хийгдсэн гэх мэдээлэл байна.

Н.Учрал шинэ албанд томилогдсон тохиолдолд хуучнаар Социал демократ Монголын Залуучуудын холбоо (хуучнаар Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо)-ны ерөнхийлөгчийн суудал эзгүйрнэ. Тиймээс МАН дотор тус холбооны ерөнхийлөгчийн суудлын төлөөх марафон ч эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, олон хүний нэр яригдаж байгаа бөгөөд хамгийн магадлал өндөртэй нь МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, СДМЗХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Пүрэвдагва аж.

Иргэд, сонгогчдын хувьд МАН сонгуульд дангаараа засгийн газраа бүрдүүлэх хэмжээний хангалттай санал авсан тул хамтарсан засгийн газар байгуулах тухай асуудлыг таатай хүлээж авахгүй байна. Хэрвээ хангалтгүй санал авч, Засгийн газраа бүрдүүлж чадахааргүй нөхцөл байдалтай тулсан бол УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэй хамтрах тухай яриа яригдах учиртайг сануулж буй юм. Томилгоо, тохироо одоогоор ийм буюу…

Дашрамд дурдахад, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл шинэхэн УИХ-ын 126 гишүүнд жинтэйхэн үг дайсан байна. Тэрбээр “Газар гэдэг бол “ариун дагшин, бурханчлан шүтэж, бурхан гуйсан ч бүү өг” гэж ард иргэдээсээ харамладаг зүйл огт биш.

Харин ч эргэлтэд эрчимтэй орвол зохих, Монгол Улсын хөгжлийн “харьцангуй давуу тал” болж чадах заяагдмал өгөгдөл юм. Тиймээс өрх бүрд 2 га газар үнэгүй олгох нь капиталын эргэлтийг эрс хурдасгаж, өрхүүдийн ассет-хөрөнгийг арвижуулж, аж байдал, баялгийг нэмэгдүүлнэ.

Тусгаар тогтнол ч батжин бэхжинэ. Газрын реформыг ийм зорилготойгоор хийхгүй бол өнөөгийн “газрын тухай багц хууль” реформ болж чадахгүй. Төр нь иргэд, өрхүүдээсээ газраа харамладаг тогтолцоо хэвээр үлдэнэ. Монгол Улс газрын доорх баялгаа шүтсэн, дулдуйдсан хөгжлийн замаар л үргэлжлэн явах болно.

Иргэд, өрхүүддээ тэгш боломжийн incentives-урамшуулал түлхэц өгсөн улс л хөгждөг” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу