Германы канцлер Олаф Шольц Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон руу өдөр бүр мессэж илгээж байгаа аж. Тодруулбал, тэрбээр Францын Үндэсний Ассамблей буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн эхний шатанд “Бүгд найрамдах улсын төлөө хамтдаа” ерөнхийлөгчийн эвсэл ялагдал хүлээсний дараа түүнд дэм өгч буйгаа илэрхийлж байгаа талаар Германы хэвлэлийн агентлаг (DPA) мэдээлжээ.

Шольц өнгөрсөн Мягмар гарагт Германы Социал демократ намын зүүн жигүүрийн зуны албан бус хурал дээр “Бид нөхцөл байдал хүндхэн байгаа талаар ярилцаж байна” гэж хэлжээ. Түүний хэлснээр, тэд мессэжээр харилцаж байгаа аж.

DPA агентлаг “Германы удирдлага бусад улс орны сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцох ёсгүй. Гэвч Канцлер Францад болсон сонгуулийн талаар тодорхой байр суурь баримталж байна” гэж тэмдэглэжээ.

Тэрбээр Марин Ле Пенийн “Үндэсний нэгдэл” намын талаар “Миний маш их хайрлаж, үнэлдэг францчууд баруун жигүүрийн популист намаар удирдуулсан засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн байна.

Францад өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн эхний шатны санал хураалт болсон. Баруун жигүүрийн “Үндэсний нэгдэл” нам болон түүний холбоотнууд 33.15 хувийн санал авч, ялалт байгуулсан.

Зүүн жигүүрийн “Шинэ ардын фронт” эвсэл 27.99 хувийн санал авч, хоёрдугаар байрт оржээ. Бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамнаас нийтэлсэн мэдээллээс харахад, “Бүгд найрамдах улсын төлөө хамтдаа” ерөнхийлөгчийн эвсэл 20.04 хувийн санал авсан байна.

Эх сурвалж: DPA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу