Астана хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж байна” гэж “РИА Новости” агентлаг мэдээлэв.

Уулзалтын үеэр Оросын төрийн тэргүүн “Хоёр орны худалдааны эргэлт 2023 онд бага зэрэг буурсантай харьцуулахад 2024 онд эрчимтэй өсөж байна” хэмээн тэмдэглэсэн байна. Путин мөн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэхийг санал болгожээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч “Эрчим хүч бол бидний харилцааны гол чиглэлүүдийн нэг байсаар ирсэн бөгөөд одоо ч хэвээр байна. Бидэнд нүүрсустөрөгч, цахилгаан эрчим хүчний чиглэлээр харилцаагаа өргөжүүлэх талаар ярих зүйл бий” гэж хэлсэн байна.

Путин мөн “Орос улс уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг даван туулахад Монгол Улсад тусалсаар байна. Шаардлагатай тохиолдолд, ялангуяа Монгол Улс цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудалтай тулгарвал бид үнэ төлбөргүй тусламж үзүүлэхэд бэлэн” гэж хэлжээ.

Түүний хэлснээр, Орос, Монголын харилцаа олон арван жилийн хамтын ажиллагаа, найрамдлын бат бөх суурь дээр хөгжиж иржээ. Мөн тэрбээр өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуульд эрх баригч МАН ялалт байгуулсанд, хамтран зүтгэгчдээ баяр хүргэсэн байна. Хоёр удирдагчийн яриа “Ritz Carlton” зочид буудлын уулзалтын өрөөнд болж байгаа аж.

Путин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Лхагва гаргийн өглөө Астана руу нисчээ. Тус арга хэмжээ “Олон талт яриа хэлэлцээг бэхжүүлэх, тогтвортой энх тайван, хөгжлийн төлөө” уриан дор долдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд болж буй юм.

Дээд хэмжээний уулзалтад оролцогчид хамтарсан 24 багц баримт бичигт гарын үсэг зурахаас гадна эцсийн тунхаглал болон мэдэгдэл гаргахаар төлөвлөжээ.

Оросын төрийн тэргүүн хоёр талын олон уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж. Путин Дээд хэмжээний уулзалтын дараа сэтгүүлчидтэй ярилцах юм байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу