Аливаа улсын нийт эдийн засгийн байдал, цар хүрээ, ард түмний амьжиргааны түвшинг илэрхийлэх макро эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт бол дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ). Түүний өсөлт улсын эдийн засаг сайжирч буйн илэрхийлэл болдог.

Эсрэгээр, эдийн засаг уналттай, бүр цаашилбал хямралтай байгаа эсэхийг тодорхойлох гол хэмжигдэхүүн нь ДНБ билээ.

Монгол Улсын бодит ДНБ-ий жилийн өсөлт 2024 оны нэгдүгээр улиралд 7.8 хувьтай гарсан. Энэ нь шинжээчдийн өмнөх улирлын таамаглалын дунджаас 1.0 нэгж хувиар өндөр үзүүлэлт байв.

Бодит ДНБ нь тухайн жилд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээг суурь болгон авсан үнээр тооцсон өртөг юм.

Шинжээчид өнгөрсөн хоёрдугаар улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 7 хувь байна гэж таамагласан ч хүлээлтээс өндөр буюу 7.8 хувьтай байв. Иймд тэд ирэх 2025 оны нэгдүгээр улиралд 6.6 хувьтай байна гэж таамаглаж байгаа талаар “Голомт капитал” мэдээлэв.

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалын тархалтыг авч үзвэл, 2024 оны II улиралд 7.0-7.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 29.9 хувьтай байв. Өмнөх улирлын судалгаагаар, 2024 оны II улиралд өсөлт 6.0-6.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 25.2 хувь байна гэж таамаглаж байжээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа зарласан. Төв банк цаашид ч бодлогын хүүг хэвээр хадгалах төлөвтэй байгаа аж.

Шинжээчид төв банкны бодлогын хүү өнөөгийн түвшнээс бага зэрэг буурч, 2025 оны I улиралд 11.1 хувь байна гэж таамаглажээ. 2022 оны эхэн үеэс үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүг аажмаар нэмэгдүүлж, мөн оны эцэст 13 хувь хүргэсэн бол 2024 оны гуравдугаар сараас бодлогын хүүг бууруулсан билээ.

Шинжээчид төгрөгийн шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүг 2024 оны II улиралд дунджаар 16.8 хувь, хамгийн ихдээ 17.3 хувь, хамгийн багадаа 15.0 хувьтай байна гэж таамаглажээ.

Цаашид зээлийн хүү бага зэрэг буурч, 2025 оны I улиралд 16.5 хувь орчим байхаар таамагласан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу