Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс өнөөдөр (2024.07.04) мэдээлэл хийлээ. Хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн элсэлтийн шалгалт (ЭШ)-ын дүн оноог олон улсын шалгалтын дүн оноотой дүйцүүлэх журам энэ жилээс шинэчлэгдсэн байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн шалгуулагч тухайн хичээлээрээ ЭШ өгөхгүйгээр оноогоо дүйцүүлж, Монгол Улсын дотоодын их сургуульд элсэн суралцах боломжтой болжээ. Энэ жилийн дүйцүүлэх процесс явагдаж дууссан байна.

Энэ жил 2570 шалгуулагч олон улсын шалгалтын дүн оноогоо ЭШ-ын дүн оноотой дүйцүүлсэн. Хамгийн олон хүүхэд математик, англи хэлний хичээлийн шалгалт дүйцүүлсэн байна.

Мөн Боловсролын үнэлгээний төвөөс “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, шинэчилсэн журмын талаар мэдээллээ.

Энэхүү тэтгэлгийн хүрээнд тухайн сум, баг, дүүрэг, хороо бүрээс элсэлтийн шалгалт (ЭШ)-ын хамгийн өндөр оноо авсан шалгуулагчид мөн олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан суралцагчдыг дэлхийн топ их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулдаг онцлогтой.

Тэтгэлгийн гол шалгуурууд:

Хэмжээст онооны дунджаар хамгийн өндөр оноо авч, сум, хороондоо тэргүүлсэн байх. Үүнд: Гадаад хэл-Математик, Гадаад хэл-Хими, Гадаад хэл-Физик, Гадаад хэл-Биологи гэсэн хичээлүүд хамаарах ба хэмжээст онооны дундаж нь 550-аас дээш байх (Олон улсын шалгалтын дүйцүүлсэн оноо үүнд хамаарахгүй)

  • Тухайн жилийн ЭШ-д хамрагдсан байх,
  • Сүүлийн гурваас доошгүй жил ЕБС-ийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцаж төгссөн байх

Эдгээр шалгуурыг хэрхэн хангасан эсэх мэдээллийг:

-Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т бүртгэлтэй байгаа тухайн суралцагчдын албан ёсны гэрийн хаяг, оршин суугаа газрын мэдээлэл

-Боловсролын мэдээлэл технологийн төвөөс тухайн суралцагчийн 12 жилийн хугацаанд буюу сүүлийн гурван жилийн хугацаанд ямар сургуульд суралцсан, шилжилт хөдөлгөөн хийсэн эсэх мэдээлэл

-БҮТ-ийн элсэлтийн шалгалтын дүн зэрэг мэдээллүүдийг нэгтгэж жагсаадаг байна.

Элсэгч ilgeelt.eec.mn сайтаар ороод, өөрийн бүртгэлийн дугаар нууц үгээ хийж, дээр дурдсан мэдээллүүдээ өөрөө хянах боломжтой ажээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу