Монгол Улсын Их Хурлын 2002 оны чуулганы нэгдсэн хуралдаанаар “Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” анхдагч хуулийг баталсан.

2010 онд “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” нэртэйгээр хуулийн шинэчилсэн найруулга болгон өөрчилсөн бол хуулийн хэрэгжилтийг хангах хугацаанд 2014, 2016 онд өөрчлөлт, 2017 онд нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан билээ.

2024 оны дөрөвдүгээр сарын 18-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

УИХ тус хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаараа шинэчлэн найруулж баталсан. Энэхүү хуульд заасны дагуу цагдаагийн 160 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй баг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр болжээ.

Тэд ажиллагааны газарт тодорхой цэгүүдэд эргүүл, харуул, хамгаалалт, хуяглан хүргэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын алба хаагч, обьектыг хамгаалах зэрэг үүрэг гүйцэтгэх юм байна. Цагдаагийн багийн 70-80 хувийг ахлагч бүрэлдэхүүнээс сонгохоор төлөвлөжээ. Түүнчлэн жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор бүрэлдэхүүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэй алба хаагч байх ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу