БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн Пүрэв гарагт “Бээжин, Москвагийн барууны хүчний эсрэг тэмцэл” хэмээн сурталчилсан, Евразийн аюулгүй байдлын блокийн цуглаан дээр бүс нутгийн удирдагчдад “гаднын хөндлөнгийн оролцоо”-г эсэргүүцэхийг уриалав.

Казахстанд болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын удирдагчдын жил тутмын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин гишүүн орнуудад хандан “хөндлөнгийн оролцоо, хагалан бутаргах ажиллагааны бодит сорилт”-ын өмнө “эв нэгдлийн хүчээ нэгтгэх”-ийг уриалсан байна.

Ши Жиньпин “Бид гадны хөндлөнгийн оролцоог эсэргүүцэн, хамтран ажиллаж, өөрсдийн ирээдүй, хувь заяа, бүс нутгийн энх тайван, хөгжлийг өөрсдийн гарт баттай атгах ёстой” гэж хэлснийг Хятадын төрийн CCTV телевиз иш татжээ.

Мөн тэрбээр “Арван гишүүнтэй эвсэл дотоод зөрчилдөөнийг энх тайвнаар зохицуулж, нийтлэг ойлголтыг эрэлхийлж, хамтын ажиллагааны хүндрэлийг даван туулж, шийдвэрлэх ёстой” гэж нэмж хэлсэн байна.

Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан улсууд 2001 онд терроризмтой тэмцэх, хилийн аюулгүй байдлыг дэмжих зорилгоор ШХАБ-ыг байгуулсан.

Бээжин, Москва хоёр тус холбоог Төв Азид төвлөрдөг бүс нутгийн аюулгүй байдлын клубээс АНУ болон түүний холбоотнуудын тэргүүлдэг барууны институциудын геополитикийн эсрэг жин болгон хувиргаж байгаатай холбоотойгоор ШХАБ сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байна.

Москваг 2022 онд Украин руу цөмрөн довтлоход тусалсан, Оросын үнэнч холбоотон Беларусь өнгөрсөн жил Ираныг бүрэн эрхт гишүүн болсны дараа ШХАБ-д элссэн хамгийн сүүлийн авторитар улс болов. Тус холбоо Энэтхэг, Пакистаныг 2017 онд анх эгнээндээ нэгтгэсэн билээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ жилийн арга хэмжээнд оролцоогүй. Энэ нь ШХАБ-ын барууны эсрэг чиг баримжааг улам бүр тодотгосон юм.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин “Хүйтэн дайны үеийн бодит заналхийлэл”-ээс сэрэмжлүүлж, гишүүн орнуудад хандан “аюулгүй байдлын үндсэн зарчмыг баримтлах”-ыг уриалав.

Тэрбээр мөн Хятадаас авах гол технологиудыг хязгаарлах зорилгоор АНУ-ын баталсан стратегийн талаар дурдаж, “өндөр хашаатай жижиг хашааны бодит эрсдэл”-ийн эсрэг улс орнуудын хөгжих эрхийг хамгаалахыг уриалсан байна.

Хятадын удирдагч шинжлэх ухаан, технологийн инновацийг хамтаар ахиулж, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой, жигд байлгах хэрэгтэйг онцолжээ.

Хятад-Оросын эвсэл

ШХАБ-ыг өргөжүүлэхэд түлхэц өгч буй Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар дээд хэмжээний уулзалтын өмнөхөн уулзаж, улс орнуудын эв нэгдэл гүнзгийрч буйг сайшаав.

Путин хоёр талын уулзалтын өмнө хэлсэн үгэндээ, Орос, Хятадын харилцаа “түүхийн хамгийн сайхан үе”-ийг туулж байгаа тул дэлхийг “тогтворжуулах” хүчин гэж үзэх ёстой гэж хэлжээ.

Путин өнгөрсөн Лхагва гарагт Ши Жиньпинд “Дэлхийн үйл хэрэг дэх Орос-Хятадын хамтын ажиллагаа олон улсын тавцанд тогтворжуулах гол хүчин зүйл болж байна. Бид үүнийг цаашид ч ахиулсаар байна” гэж хэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Москва, Бээжин хоёр ШХАБ-ыг үүсгэн байгуулахад гүйцэтгэсэн үүргийг онцлоод, сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин тэлж байгааг тэмдэглэжээ.

Путин “Оролцогчдын тоо өсөхийн хэрээр ШХАБ ч мөн адил олон туйлт дэлхийн дэг журмыг бий болгох гол тулгуур багануудын нэг болох үүрэг рольтой болсон” гэж хэлссэн байна.

Энэ нь Путиныг тавдугаар сард Бээжинд айлчилснаас хойш хоёр сарын хугацаанд тэдний хоёр дахь удаагийн нүүр тулсан хэлэлцээ болж байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгостой батлан ​​хамгаалах гэрээ байгуулсны дараахан болж буй юм.

ОХУ-ын удирдагч 2022 оны хоёрдугаар сард Бээжинд айлчлах үед Путин, Ши Жиньпин нар “хязгааргүй” түншлэлээ зарласнаас хойш, Украин руу довтлохоос долоо хоногийн өмнө Хятад, Орос улс төр, эдийн засаг, цэргийн харилцаагаа гүнзгийрүүлсэн нь АНУ, Европыг гайхашруулсан.

Хятад улс Европын холбоог давж, Оросын худалдааны гол түнш болж, хориг арга хэмжээ авагдсан эдийн засагт нь амин чухал дэмжлэг үзүүлж байна. Цөмийн зэвсэгтэй хоёр хөрш мөн Ирантай хамтарсан цэргийн сургуулилт хийсээр байгаа юм.

Энэ хооронд АНУ Хятадыг “Украинтай дайтаж буй улсын цэргийн аж үйлдвэрийн цогцолборыг бэхжүүлж, давхар хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээр хангаж байна” гэж буруутгаж буй ч Бээжин үүнийг үгүйсгэсээр байна.

Ши Жиньпин Лхагва гарагт хийсэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Путинд хандан, “олон улсын нөхцөл байдал үймээн самуун, өөрчлөлтөөр дүүрэн” байгаа нөхцөлд Хятад, Орос “мөнхийн найрамдлын” анхны хүсэл эрмэлзэлээ хэвээр хадгалах ёстой гэж хэлжээ.

Тэрбээр мөн Хятад, Оросын харилцааны “өвөрмөц үнэ цэн”-ийг өндрөөр үнэлээд, хоёр улс “хууль ёсны эрх, ашиг сонирхол” болон “олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээ”-г хамгаалахын тулд шинэ хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.

Ши Жиньпин “Хятад, Орос хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлээ улам бэхжүүлж, гаднын хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж, бүс нутгийн амгалан тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах ёстой” гэж хэлснийг Хятадын ГХЯ-ны мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу