“The Night with us” тоглолтын таван жилийн ойн баярын хүрээнд Монголын рок попын тэргүүн эгнээнд бичигдэх “Номинталст”, “Камертон”, “Никитон”, “Хар сарнай” болон “3 охин” хамтлагууд нэгэн тайзнаас үзэгч фенүүдтэйгээ уулзах нь ээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2024 оны наймдугаар сарын 10-нд болох энэхүү тоглолтод хит 60 уран бүтээлийг үзэгч фенүүддээ толилуулж, нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхээр уран бүтээлчид бэлтгэлдээ оржээ.

“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа “Наймдугаар сарын 10-нд болох тоглолт дээр та бүхэн маань оюуны өмчөөр баталгаажсан дуу сонсох болно” гэв.

“The Night with us” тоглолтыг зохион байгуулагчид “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал солигдож, менежмент өөрчлөгдсөн учраас өмнөх тоглолтуудаас илүү тав тухтай, ариун цэврийн өрөөний асуудал хүртээмжтэй байна” гэж онцоллоо.

“Камертон” болон “Номин талст” хамтлагуудын тоглолтыг өмнө нь Төв цэнгэлдэх хүрээлэнд 60 мянга гаруй үзэгч үзэж байсан түүхтэй. Энэ удаагийн тоглолтод найруулагчаар “Фантастик” продакшны жүжигчин, найруулагч Б.Тамир ажиллаж буй ажээ.

Ердөө ганц удаа тоглох тус тоглолтод “Хар сарнай” болон “3 охин” хамтлаг, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, “Номинталст” хамтлагийн дуучин Хаянаа болон Дээгий нар ганцаарчилсан уран бүтээлүүдээ мөн толилуулах юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу