“Ногоон автобус”-ны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүний гэм буруугийн шүүх хуралдааныг долдугаар сарын 29-ний 10:00 цагт товложээ. Тодруулбал, дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр (2024.07.04) 10.30 цагт Барилга, технологийн политехникийн коллежийн байранд эхэлсэн.
Албаныхны мэдээлснээр, нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 24 шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын бүрэлдэхүүн багтахгүй учир өөр байранд хурлыг зохион байгуулжээ.
“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш гурван удаа хойшилсон юм. Энэ хэргийг дөрвөн сарын өмнө /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосныг хуулийн байгууллагаас тогтоосон билээ.
Прокуророос “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх уг хэрэгт:
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/,
22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.
Тус хэрэгт УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн нарын нийт 24 хүн холбогдон шалгагдсан билээ.
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу