Их Британийн бүх нийтийн сонгуульд лейбористууд үнэмлэхүй ялалт байгуулжээ. Кир Стармер тус улсын дараагийн Ерөнхий сайд болох бөгөөд тэрбээр дэмжигчдэдээ хандан “Өөрчлөлт одоо эхэлж байна” гэж хэлжээ.

Консерватив нам 14 жил засагласны эцэст түүхэн ялагдал хүлээж, Риши Сунак Ерөнхий сайдын албан тушаалаа өгөхөөр болов. Ерөнхий сайд асан Лиз Трассын адил Засгийн газрын хэд хэдэн сайд суудлаа алджээ.

Кир Стармераар удирдуулсан зүүн төвийн нам 14 жилийн дараа консервативчуудыг ялж, засгийн эрхэнд ийнхүү эргэн ирж байна. Нийтийн танхимд олонх болохын тулд лейбористуудад 326 суудал шаардлагатай байсан бөгөөд тэд хэдийнэ 410 суудал авчээ. Энэ нь тус намын түүхэн дэх хамгийн том ялалтуудын нэг бөгөөд 1997 онд Тони Блэйрийн авч байсан үр дүнгээс үл ялиг бага юм.

Тус нам 18 жил сөрөг хүчин байсны эцэст 1997 онд Тони Блэйрийн удирдлага дор парламентын доод танхимд 418 суудал авч байсан аж.

Их Британид өнгөрсөн Пүрэв гарагт парламентын сонгуулийн санал хураалт зохион байгуулагдсан. Санал хураалтын албан ёсны дүн гарсны дараа Их Британийн шинэ Ерөнхий сайдаар Кир Стармер томилогдох нь ийнхүү тодорхой болов. Стармер 2015 онд парламентад орж ирсэн бөгөөд өмнө нь ерөнхий прокурор, хүний ​​эрхийн хуульчаар ажиллаж байжээ.

Стармерын нам энэ удаагийн сонгуульд “Change” уриатай оролцож, улс орны өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа сонгогчдын саналыг татаж чадсан байна.

Консерватив намын засаглалын жилүүдэд амьжиргааны өндөр өртөг, эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ, цагаачлалын урсгал, Brexit-ийн дараах хямрал зэрэг хэд хэдэн эмзэг асуудлууд үүсчээ.

Эх сурвалж: CNN, BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу