Япон улсын Засгийн газар “COVID-19” халдварыг “түгээмэл тархдаг халдварт өвчний ангилал”-д оруулж, хилийн чанадаас ирэх хүмүүст тавих шаардлагуудаа тавдугаар сарын 8-ны өдрөөс цуцлахаар болсныг өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ.

Одоогоор хилээр нэвтэрч буй бүх иргэнд “COVID-19”-ийн вакцины гурван тунд хамрагдсан гэрчилгээ эсвэл 72 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх шаардлага тавьж байгаа юм. Засгийн газар шинэ халдварт өвчнүүдийг илрүүлэх зорилгоор халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулах геномын тандалтын шинэ хөтөлбөрийг мөн нэгэн зэрэг эхлүүлэх ажээ.

2021 оны 11 дүгээр сараас Коронавирусний “омикрон” хувилбарын тохиолдол бүртгэгдэж эхлэх үеэс Японы эрх баригчид гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглож, тус улсын иргэд болон байнгын оршин суугчдад зориулалтын байранд тусгаарлагдах шаардлага тавих зэргээр хилийн хяналтын арга хэмжээнүүдээ чангатгасан билээ.

Уг арга хэмжээнүүдийг эхний ээлжид сарын хугацаатай тогтоогоод байсан ч үргэлжлүүлэн сунгасан нь гадаадын оюутнууд, бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад байв. Иймээс 2022 оны гуравдугаар сараас эхлэн өдөрт хилээр нэвтрүүлэх иргэдийн тоог шат дараатайгаар нэмэгдүүлж, 10 дугаар сард уг хязгаарлалтыг бүрмөсөн цуцалсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу