“Увс нуур” галын сорилго барилдаан долоодугаар сарын 5-нд болсон билээ. Энэ үеэр Улсын харцага А.Бямбажавын том хүү Б.Өсөх-Ирээдүйтэй ярилцлаа. Өдгөө 18 настай тэрбээр “Увс нуур” галын сорилго барилдаанд зодогложээ. 

-Барилдчихсан уу?

-Тэгсэн. Нэгийн даваанд Улсын начин Ж.Ням-Эрдэнэ ахтай учраа таараад, өвдөг шороодлоо. 

-Хэзээнээс үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?

-Хоёр жилийн өмнөөс бэлтгэл хийж эхэлсэн. Өнгөрсөн жил мөн л Увс нуур галын бөхчүүдтэй 10 хоног бэлтгэлд гараад сорилго барилдаанд орсон. Тэр үед хамгийн залуу нь байсан болохоор нугалаагаар Н.Батсуурь аваргатай таараад, унасан. 

-Багаасаа л аавыгаа харж, өссөөр үндэсний бөхөд татагдсан уу. Яагаад барилдахаар шийдэв?

-Аав маань Увс аймгийн Сагил сумын харьяат Арслангийн Бямбажав гэж хүн бий. Улсын харцага цолтой. 2010 онд харцага цолоо хүртэж байсан юм. Багадаа аавынхаа цүнхийг бариад ард нь алхдаг байлаа. Тэр үед хүмүүс “А.Бямбажав харцага явж байна” гэцгээдэг байсан.  Тэр нь надад маш сайхан санагддаг. Тэгээд л аавтайгаа адил бөх болохоор шийдсэн юм. 

-12-р анги юм байна. Долоодугаар сарын 14-18-ны хооронд Элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж байгаа шүү дээ. Төгсөх ангийн сурагчдын маш чухал шалгалттай энэ өдрүүдэд бөхийн сорилгод зодоглож яваа нь их сонин байна. Өнөөдөр шалгалтгүй байсан юм уу?

-Уг нь би өнөөдөр Нийгмийн ухааны хичээлээр шалгалт өгөх ёстой байсан юм. Гэвч Увсын галын сорилгод зодогломоор байсан учраас шалгалтаа орхиод ирж, барилдаж байна. 

Сонгох мэргэжил маань Нийгмийн ухааны хичээлээр шалгалт өгөх шаардлагагүй ч нэмэлтээр бүртгүүлчихсэн байсан юм. Өнөөдөр Увс нуур галын сорилго барилдаан болно гэхээр нь аав, ээжтэйгээ ярилцаж байгаад энд ирэхийг сонгосон.

-Ямар мэргэжилтэй болох вэ. Үндэсний бөхөөр үргэлжлүүлэн хичээллэх үү?

Ээж намайг санхүү эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшээрэй гэсэн. Би өөрөө бол шууд л бөх барилдах сонирхолтой.

-Аав нь юу гэж байна?

-Аав бол ээжийнхээ үгэнд ороорой гэсэн. Би хоёуланг нь хослуулна.

-Зодоглож байсан хамгийн том барилдаан нь юу вэ?

-Увс нуур галын сорилго л байна даа. Харин энэ жил Улсын баяр наадамд зодоглож үзье гэж бодож байгаа. Бүртгэл нь эхлэхээр бүртгүүлнэ. 

-Зодог, шуудаг өмсөөд барилдахаар ямар санагдаж байна?

-Зодог, шуудаг өмсөөд, дэвж гарч ирээд, нэрээ дуудуулахаар их омогшдог юм билээ.

Анх барилдахад олон хүний дунд ороод маш их сандарч байсан. Хүмүүс намайг юу гэж бодох бол, яах бол гээд сандардаг юм билээ. Харин яг барилдаад эхлэх үеэр тэр бодол алга болчихдог. Барилдаандаа л анхаардаг.

-Аав нь чамд захиж хэлдэг зүйл бий юу?

-Үнэнч, шударга байгаарай гэж их хэлдэг.  Аавынхаа тэр үгийг ч би маш их бодож явдаг. Бөх хүн өндөр цолонд хүрэх тусам илүү жудагтай байх ёстой юм шиг санагддаг. Спортоо илүү хайрлаж, хүндэтгэж явах ёстой байх.

-Цөөн хором ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. ТӨРСӨН НУТГИЙН ХАН ЦУСТАЙ ЭНЭ ЖААХАН ХӨВҮҮНИЙГ МОНГОЛ БӨХИЙН ТОРГОН НОГООН ДЭВЖЭЭНД ЦОЛОО ДУУДУУЛЖ БАЙХЫГ ҮЗЭХ БАЙХАА ЭЦГИЙН ШИЙРИЙГ ХАТААХ ЭНХРИЙ ХҮҮ МИНЬ БАРИЛДААД БАЙ ХАРИН ӨНДӨР БОЛОВСРОЛ МЭРЭГЖИЛТЭЙ БОЛОХЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭЭРЭЙ ГЭЖ ЕРӨӨЕ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу