Монголын Эдийн засгийн форум өнөөдөр (2024.07.08) “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх, 14 дэх удаагийн тус чуулганы нээлтийн нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр боллоо.

Монголын Эдийн Засгийн Форумын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Ганхуяг нээж үг хэлэхдээ, салаа замын уулзварт ирсэн улсынхаа хөгжлийг онч мэргэн тодорхойлж, санаа бодлоо нээлттэй уралдуулж, ирээдүй хойч үедээ ч нүүр бардам, нэр бүтэн байх асар их хариуцлагыг хөгжил болгон хувиргах бүтээлч Монголын төлөө хамтдаа зүтгэе! хэмээн онцолсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Морин цагт, Монгол Улсад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр улс төрийн намууд нэгдэж, “Хурдтай шийдэлд хүрэхийн төлөө хамтарцгаая” гэдэг тунхагт гарын үсэг зурна.

Хяналтын чиг үүрэгтэй функцуудыг сөрөг хүчиндээ өгч, хамтарч ажиллана. Ингэснээр бүтээмж илүү нэмэгдэнэ гэж үзсэн. Худалдан авалтын хяналт, түүнтэй холбоотой бизнесийн монополи, тендерийн эрх зүйн баримт бичгийг бүхэлд нь ХҮН намтай ярилцаад, өөрсдөө засаасай гэж хүсэж байгаа. Худалдан авалт, гадаад худалдаатай асуудлыг ХҮН намд хариуцуулах санал тавьсан.

Мөн хувийн хэвшилтэй ажиллах, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал төр – иргэний нийгмийн байгууллагын хамтрах ажиллах асуудал бүхэлдээ АН-д очиж байна.

Харин МАН ногоон эдийн засаг, Улаанбаатар хотын түгжрэл, эрчим хүчтэй холбоотой асуудлууд дээр төвлөрч ажиллах төлөвлөгөө гарсан байгаа.

Хамгийн их шүүмжлэл өрнүүлж байгаа асуудал дээрээ ажиллах боломжийг тухайн намд олгоё гэж бодож байгаа. Жишээ нь, Л.Гантөмөр дарга маань Эдийн засаг, хөгжлийн сайд болно. Өнөөдрөөс эхлээд Монгол Улс мөнхийн эвслийн Засгийн газрын тогтолцоотой болж байна.” гэв.

Үндсэн хуралдаан өндөрлөсний дараа Бүсчилсэн хөгжлийн бодлого – Хөрөнгө оруулалт, Тээврийн дэд бүтэц ба нийлүүлэлтийн гинжин хэлхээ, Хөдөөгийн хөгжил ба хоршоо, эрчимжсэн мал аж ахуй гэсэн гурван салбар хуралдаан болсон юм.

МЭЗФ үдээс хойш “Ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт” сэдвийг онцлохоор төлөвлөжээ. Энэ хүрээнд эрчим хүчний либералчлал, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай-хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологи, хиймэл оюун ухаан сэдвээр салбар хуралдааныг нэгэн зэрэг зохион байгуулна.

АХБ-ны тэргүүлэх эдийн засагч, олон улсын нэртэй зочид төлөөлөгч илтгэл тавих юм. Ази, Номхон далай хариуцсан гүйцэтгэх захирал Грегори Калиникос, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач Үндэсний баялгийн сангийн олон улсын туршлагыг танилцуулна.

2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын 2000 шахам төлөөлөл оролцож байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу