УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2023.04.04) боллоо. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцжээ.

Эхлээд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн байна.

Энэ үеэр байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулж дараах байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр “Төсвийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилсэн 2012 оноос хойших 10 жилийн хугацаанд Төсвийн хууль нийт 10 удаа батлагдах ёстойгоос тодотгол хийж, нэмэлт, өөрчлөлт оруулснаар 23 удаа баталжээ. Монгол Улс 2012 оноос хойш 2012, 2018, 2019 оныг эс тооцвол бүх онуудад 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн нь төсвийн бодлого тогтворгүй, тооцоолол бодитой бус байсныг илтгэж байна. Монгол Улс 2012-2022 оны хооронд 10 удаа батлах ёстой дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл 30 удаа Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагджээ. Үүнээс үзвэл төсөв тогтвортой, хариуцлагатай, ил тод байдлыг хангахгүй байгааг харж болохоор байна.  

Монгол Улсын жил жилийн төсвийн хууль тогтоомжийг батлуулах явцад үүсдэг хүндрэл нь өрийн тааз, өрийн хэмжээний талаар ихээхэн асуудал яригддаг ч Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж болон төсвийн хууль тогтоомжид өрийг хэрхэн үүсгэх бодлогыг бодитой тодорхойлоогүй нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчих нөхцөл болж байна. Засаглалын онолын дагуу Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, түүнээс хариуцлага тооцох эрх бүхий этгээд нь хууль тогтоох эрх хэмжээ бүхий Улсын Их Хурал бөгөөд энэхүү эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын боловсруулсан төсөв, гүйцэтгэлтэй холбоотой хяналт тавих, хариуцлага тооцох нөхцөлийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байна. Энэ агуулгаар  төсвийн хуулийн дээрх зарчмуудыг хангах зорилгоор төсөв, санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, олон жилийн алдаа сургамжийг засаж залруулах үүднээс хуулийн төслийг боловсруулахдаа төсөв, санхүү эдийн засгийн чиглэлийн их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, эдийн засагчид, хувийн хэвшил, иргэний болон төрийн бус байгууллагын ажил хэрэгч саналыг үндэслэн төсвийн шинэчлэлийн бодлого болон дэвшүүлж байна” гэсэн байна. 

Улмаар “Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

Эл хуулийн төсөл батлагдсанаар төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмуудыг зохих ёсоор шударгаар биелүүлэх нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж буй аж.

Үүний дараа Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн байна.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцож, тодорхой танилцуулжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпораци болгоход өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашдаа төрөөс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжсэн бодлогыг ямар хэлбэрээр дамжуулан явуулахаар болсныг тодрууллаа.

Үүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун дараах хариултыг өгөв.

Тэрбээр “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж байгаа. Цаашдаа бүх үйл ажиллагааг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компаниар дамжуулан явуулна гэдгийг тодотгоод мөнхүү “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд уг сангийн өр, авлага, үндсэн хөрөнгө бүх асуудлыг тухайн компанид шилжүүлэх зохицуулалтыг тусган боловсруулахаар болсон” гэлээ.

Мөн Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд нэгдүгээрт, төрийн өмчит компанийн засаглалыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох, хоёрдугаарт, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбоотойгоор тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй байгаа хөрөнгө, өр төлбөр, авлагыг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компанид бүрэн шилжүүлэх, гуравдугаарт, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн өр, төлбөрийг ангилан, улсын төсөвт төлөх өр, төлбөрийг нь хугацаа зааж барагдуулах, сангийн үйл ажиллагааны чиглэлийг тус компанид бүрэн шилжүүлж, үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлтэй зохицуулалтыг тусгахаар болсон” гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн, санал хураалт явуулав. Тухайлбал, “төслийн 3 дугаар зүйлийг хасах” зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн.

Хуралдаан дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, хариулт авлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах”  мөн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.5-т  заасны дагуу “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо боловсруулж, хэлэлцүүлэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь тус тус дэмжив.

Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу