Монгол Улсын эдийн засгийн форум 11 дэх удаагаа Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Төр хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хамгийн том цугларалт энэ жил “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж буй юм. Энэхүү чуулган Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцэх үндэсний тэргүүлэх уулзалт билээ.

Тус чуулганы үндсэн хэлэлцүүлгүүд Төрийн ордонд болж буй бол чуулганы дагалдах “MEF Youth”, “Central Asia Tech Summit” арга хэмжээнүүд Чингис хан музейд болж буй юм.

Монголын эдийн засгийн форумын эхний өдөр зургаан салбар хуралдаан болсны нэг нь Уул уурхай ба чухал ашигт малтмал, өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт салбар хуралдаан болсон юм. Тус хуралдааны дараа УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дараахь байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ, Монголын эдийн засгийн форумын “Уул уурхай ба чухал ашигт малтмал, өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт салбар хуралдаанд суулаа. Гол зүйлээ ярихгүй байна. Гол зүйл нь юу вэ гэхээр, сонгуулийн өмнө Ашигт малтмалын тухай хуульд сэмхэн өөрчлөлт оруулаад, гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг Монголоос үндсэндээ гаргах үр дагавартай зүйл хийчихсэн.

Үүнд яагаад эмзэглэж байна вэ гэхээр, газрын ховор элемент ихэвчлэн уран торитой байгаль дээрээ хамт байдаг. Цөмийн эрчим хүчний хуулиар уран тори агуулсан нэгдлийг цацраг идэвхтэй гэнэ гээд, цацраг идэвхт бодисын орц хэмжээнээс үл хамаараад, стратегийн ангилалд орно гэсэн байгаа.

Ашигт малтмалын хуулин дээр стратегийн ангилалд орсон бол тухайн ордын хөрөнгө оруулагч гуравны нэгээс илүү хувь эзэмшихгүй гээд заачихсан. Тэгээд Засаг эзэмшинэ. Цаана нь сонгуульд ялсан нам байгаа.

Иймэрхүү байдлаар гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг Монголоос, уул уурхайн салбараас хөөсөн өөрчлөлт оруулчихаад байгаа юм. Одоо энийг бодлогын түвшинд засахгүй бол гуравдагч хөрш, эдийн засгийн утгаараа гуравдагч улсыг оруулж ирэх, шинэ технологи хөгжүүлэх, дэлхийд нээлттэй байх гэдэг үндсэндээ миний бодлоор худлаа болсон.

Миний бие хууль тогтоох байгууллагад хүмүүсийн дэмжлэгээр орж ирсэн. Бид энэ алдааг засаж залруулахын төлөө явах хэрэгтэй. Монголын эрх ашигт олон улсын нээлттэй хөрөнгө оруулалт, чөлөөт орчин нийцнэ” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу