Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг долдугаар сарын 7-ноос 9-ний өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд бүртгэж буй билээ. Үүнтэй холбогдуулан допингийн маргаантай бөхчүүдийн барилдах эсэх асуудал сөхөгдөж эхлээд байна. Тодруулбал,

Улсын арслан Э.Оюунболд Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрт нэхэмжлэлийн шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагыг шийдвэрлэх МҮБХ-ны дэргэдэх хараат бус комиссын хуралдаан өчигдөр болохоор товлогдсон ч өнөөдөр 17:00 цагт болж хойшилжээ.

Тус комиссын даргаар П.Мөнхжаргал (хуульч), О.Амгаланхүү (эмч), Ж.Эрдэнэбаяр (хуульч, өмгөөлөгч), Д.Золбаяр (тамирчин), Д.Нямдорж (эмч) нар ажилладаг билээ.  

Э.Оюунболд шаардлагадаа 

  • Допингийн эсрэг байгууллага болон үндэсний их баяр наадмын комисс 2019 оны наадмын шинжилгээний хариуг надад хууль журмын дагуу мэдэгдээгүй болон бусад шинжилгээ өгсөн бөхчүүдэд хандан тэднийг олон нийтэд шинжилгээний хариу сөрөг гарсан гэж хэлүүлсэн нь тамирчин миний эрхийг ноцтой зөрчсөн болохыг тогтоож өгөх,
  • Допингийн эсрэг байгууллага болон үндэсний их баяр наадмын комисс 2019 оны наадмын шинжилгээний хариуг өнөөдрийг хүртэл надад гардуулж, өгч танилцуулаагүй болохыг тогтоолгох,
  • Допингийн эсрэг байгууллага намайг 2019 онд допинг хэрэглэсэн гэж үзэж байгаа бол “Олон улсын дүрэмд заасны дагуу 4 жилийн хугацаанд ямар нэгэн шинжилгээ авахгүй байх ёстой” атал 2021 оны 08-р сарын 17-ны өдөр шинжилгээг авсан нь тамирчны эрхийг зөрчсөн болохыг тогтоож өгөх,
  • 2021 оны 08-р сарын 17-ны өдөр авсан шинжилгээний сорьц Допингийн эсрэг байгууллага хэд хоног ямар нөхцөлд байлгаж, хадгалалтын журмыг сахисан эсэхийг тогтоолгох,
  • 2021 оны 08-р сарын 17-ны өдөр авсан шинжилгээний сорьцуудыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу хэдний өдөр явуулсанг тогтоолгох,
  • БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээний хариу яагаад 2 сар илүү хоног болсонг тогтоолгох,
  • Монголын допингийн эсрэг байгууллагын удирдлагуудад гэмтэл бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлээ тайлбарлах гэхээр хүлээж авдаггүй байсныг тогтоолгох,
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2023 оны 10-р сарын 03-ны өдөр Монголын допингийн эсрэг байгууллагын удирдлагууд болох Ж.Хатанбаатар, М.Мөнхболд нарыг хуулийн байгууллагаас хойшлуулахгүйгээр саатуулан шалгахад их хэмжээний допингийн төрлийн эм бэлдмэл их хэмжээгээр илэрсэн мэдээллийг гаргасан. Тэд чиг үүргийн дагуу допингтой тэмцэж байсан уу эсвэл допингийн төрлийн эм тариагаар ашиг орлого олох зорилготой ажиллаж байв уу гэдэгт тайлбарыг гаргуулж авах,
  • Ж.Хатанбаатар ерөнхийлөгч ажлаа өгсөн гэх атлаа яагаад одоогийн Допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлд (2023.10.25-ны өдөр бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн) байдаг, энэ нь тэрбээр ажиллаж байсан он жилүүдийнхээ явцад гаргасан алдаа зөрчлүүдээ нуун далдлах зорилго агуулж байгаа эсэхийг тогтоолгох,
  • Тамирчин миний эрхийг зөрчсөн дээрх ноцтой үйлдлүүд гарсан тул одоо үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээж өгнө үү гэжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу