Эдийн засагч Ө.Ганзориг гаднын зочид дагуулан нийслэлийн үйлчилгээний газруудаар яваад, ихэд ичжээ. Тэрбээр энэ талаараа цахим хуудастаа “Гадны зочид дагуулж үйчилгээний газруудаар жаахан явлаа. Нэг ийм юм давтагдаж байх юм.

Үйчилгээнд ажиллаж буй залуучууд маань захиалсан зүйл мартах, юм асуух,  харилцахад хариулж өгөхгүй. Маш их өрөнд орсон, эсвэл том үхэл хагацал үзсэн юм шиг гунигтай, бөглүү царайтай байна.

Энэ бол манай боловсролын системтэй холбоотой. Ийм хүмүүс цаашид борлуулалт, үйлчилгээ хийж чадахгүй. Багаас нь харилцааны соёл бий болгохгүй бол юун жуулчны бизнес.

Цаад суурь нь авагч хандлага битүү газар авсны шинж. Авагч хүмүүс ажлыг хийхдээ цаг нөхцөөж, дотроо дандаа тэс өөр юм бодож, харилцагчийн хэлж байгаа юмсыг тоож сонсдоггүй. Авагч хүнд тухайн хийж буй ажлын ач холбогдол, утга учир, харилцаа холбоо огтхон ч сонин биш байдаг. Аргагүйн эрхэнд хүчээр ажил хийж буй мэт байх ч бас л тамтай даа, тээ.

Ташрамд хэлэхэд “цалин бага учраас ингэх нь аргагүй” гэдэг улиг болсон, гэхдээ маш их хортой соёл газар авч байна. Ямар ч хүн цалингийн төлөө ажил хийдэггүй. Энэ буруу соёл бол үндэстэнийг мөхөөх том эрсдэл.

Оргүй хоосон, нөхөд ба мориноос өөр ханьгүй монголчууд бид дэлхийг эзлэхдээ мөнгөний учраас явсангүй.

Би хэрвээ цалинд тааруулж ажиллаж ирсэн бол хэзээ ч өнөөгийн төвшинд хүрэхгүй байлаа. Өөрөө сайн дураараа цалингийн боол болохыг хүсвэл тэгээд хүсэл ёсоороо л биелдэг байх даа” хэмээн бичсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу