Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди, Эрдэнэс монгол ХХК-ийн Зэс, металлургийн группийн захирал Х.Бадамсүрэн нарыг ажлаас нь чөлөөлөхийг олон нийт шаардсаар ирсэн боловч тэд одоог хүртэл ажлаа хийсээр байгаа билээ.

Сүүлд гэхэд, Оюу толгойн гүний уурхайн олборлолтын нээлтийн үеэр Н.Багабандиас “Танд ажлаа өгье гэсэн бодол байдаг уу” гэж сэтгүүлч асуухад “Засгийн газраас асуу” гээд сууж байсан. 

Тэгвэл Шүүр ажиллагааны хүрээнд Х.Бадамсүрэн, Н.Багабанди нарыг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Шүүр ажиллагааг дан ганц төрийн албан хаагчдын дунд биш, улсын хэмжээнд төсвөөс цалинжиж байгаа 225 мянган төрийн бүх шатны алба хаагчдын дунд явуулж байгаа.

Энэ ажиллагаа төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн компаниудад алба хаагч томилохдоо мэргэжлийн ур чадвар туршлагыг нь үндэслэж томилсон эсэхтэй холбоотой асуудлыг хөндөж тавьснаараа илүү онцлогтой.

Төрийн бүх шатны байгууллагуудад хийж байгаа энэ ажлын хяналт шалгалтын дүн дөрөвдүгээр сарын 10 гэхэд тодорхой болж, тайлан мэдээ нь Засгийн газарт ирнэ.

Үүнд үндэслээд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар санамсаргүй түүврийн аргаар албан байгууллагуудад хяналт шалгалтыг явуулах замаар үр дүнгээ үзнэ.

Мөн иргэд болон туршлагатай төрийн албан хаагчдаасаа  шүүр ажиллагааны хэрэгжилт тухайн шатанд ямар байгаа талаар нууцлалын зэрэгтэйгээр мэдээлэл авч, хамтарч ажиллан үр дүнд хүрэхийн төлөө хичээнэ. Тэгэхээр Х.Бадамсүрэн, Н.Багабанди нарыг чөлөөлөх эсэх нь дөрөвдүгээр сарын 10 -ны шалгалтын тайлангаас тодорхой болно гэсэн үг” гэлээ.

Х.Бадамсүрэн, Н.Багабанди нарыг чөлөөлөх талаар хөндсөн манай сайтын нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу