Монгол Улсын эдийн засгийн 11 дэх удаагийн чуулга уулзалт өнөөдөр (2024.07.09) Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Хотын реформ” нэгдсэн хуралдаан дээр хотын дарга Х.Нямбаатарын хэлсэн үгийг хүргэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Хамтарсан Засгийн газар өнөөдөр байгуулагдах юм шиг байна. Сайд нар томилогдоод, УИХ-д Шинэ засгимйн газрын гишүүд тангараг өргөх юм шиг байна. Шинэ Засгийн газар байгуулагдаад, хамгийн түрүүнд хийгдэх ёстой ажлууд бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр.

Би Ерөнхий сайдтай нэг зүйл дээр нэлээн сайн ярилцаж чадсан. Тэр юу вэ гэвэл, Монгол Улсын шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн Нэгдүгээр зүйл дээр Улаанбаатар хотын өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэх асуудлууд тусгагдсаныг хэлье. Энэ асуудал УИХ-аар орох байх аа гэж бодож байна.

Ямар асуудлууд тусч байгаа вэ? Нэгд, Улаанбаатар хотын Их тойруутай параллель хоёр түвшний тойрог хурдны зам, Туулын хурдны зам, цаашлаад Хөшигийн хөндий буюу Шинэ Зуунмод хот дахь шинэ суурьшлын бүсийг бий болгох, метроны хувьд сая бид Пи Эм Си-тэйгээ гэрээ хийгээд дууссан. Ажилдаа орсон. Аравдугаар сарын 1-нээс EPC нэгдүгээр үе буюу тендерээ зарлана. Энэ ондоо багтаад EPC 2 гэдэг шалгаруулалтаа хийвэл ирэх жилдээ барилга угсралтын ажил эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр бид босоо тэнхлэгдээ хоёрдугаар метроны шугамын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон гэдгийг хэлье.

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэдийд үйлчилж эхлэх вэ гэж асуулаа. Улаанбаатар нүүдлийн соёл иргэншил, суурин соёл иргэншил гэсэн хоёр өөр төлөв  дээр оршоод байна.

Хотын хойд хэсэг нь гэр хороолол, инженерийн шугам сүлжээгүй, өмнөд хэсэг нь орон сууцны хорооллуудаас бүрдэж байна гэж ярьдаг. Бид энэ ялгааг ойрын жилүүдэд арилгахын тулд Сэлбэ, Баянхошуу, Толгойт, Шархад, Амгалан гэсэн бүх дэд төвүүдээ түшиглэсэн шинэ хотуудыг байгуулахаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан.

Хоттосгоны эрх зүйн байдлын тухай хууль ирэх оны зургаадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. 2028 оноос Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хот тосгоны захирагчдыг шууд хотын иргэд нь сонгодог загвар луу бид шилжиж байгаа юм.

Энэ шилжилтийн нэг онцлог нь, бид 1992 оны шинэ Үндсэн хуулийг хийхдээ зөвхөн засаг захиргааны нэгжийн зохицуулалтуудыг хийж өгсөн. Монгол Улсын нийслэл нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооноос бүрдэнэ гээд, хот суурин газруудад засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийн шилжилтийг хэрхэн шилжүүлэх зохицуулалт 1993 онд батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар төгс хийгдэж чадаагүй.

Энийг бид 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг шилжүүлж болно гэдэг зохицуулалтыг оруулсныхаа дагуу сая 2024 онд яг энэ шилжилтийгн хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, аймгийн төв дээр зөвхөн засаг захиргааных нь нэгж нь буюу сум оршоод байгаа байхгүй юу. Гэтэл аймгийн төв нь хэдийнэ иргэдийн суурьшил бүхий хот болчихсон.

Ийм давхцалыг арилгахын тулд аймгийн төв дээр байгаа сум гэдэг засаг захиргааны нэгжид хадгалагдаж байгаа төрийн чиг үүргүүдийг аймгийн төв дээр хотод шилжүүлж өгөөд, өөрөөр хэлбэл эрх мэдлийн давхардлыг арилгаад, хот нь өөрөө төрийн чиг үүргээ ч хэрэгжүүлнэ, давхар хот суурин газраа хөгжүүлэх хот нийтийн аж ахуйн чиг үүргээ хэрэгжүүлэх том шилжилт хийгдсэн.

Харамсалтай нь, хуулийн энэ том өөрчлөлтийн агуулга сая сонгуулийн том нүргээнд дарагдаад, хүмүүс төдийлөн ойлгоогүй. Бид боомт газруудыг бүгдийг нь хот юм уу, тосгон байдлаар хөгжүүлье. Цаашид Улаанбаатар хот дотор 13, 14 дагуул хотуудыг байгуулаад, зэрэгцээ хотын төвүүдийг задлаад, Шинэ Зуунмод хот гэх мэт дагуул хотуудыг байгуулснаараа нэг төвт суурьшлын загвараас гаръя.

Дээр нь хорооны дарга гээд төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг хог хаяулах, хог ачуулах, дэд бүтцээ хөгжүүлэх ямар ч эрх мэдэлгүй тэр даргыг өөрчилж, хороодын захирагч болгоё, хороодын нэгдэл нь хотуудын нэгдэл болъё, хотуудын нэгдэл нь Улаанбаатар хот болъё гэсэн зарчмаар явж байгаа юм.

Энэ зөвхөн Улаанбаатар хот, төв суурин газрыг хөгжүүлэхээс гадна бүх аймгийн төв, хуучин сум, суурин газруудыг хот тосгоны шилжилт рүү шилжүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн цоо шинэ хувьсгалыг манай багийнхан хийсэн.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу