Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өнөө (2024.07.10) өглөөний 03:55 цагт үргэлжлэн хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу нэг зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан талаар дурдаад, уг зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул тус Байнгын хорооноос бэлтгэж ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн тул Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангасны дараа Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн хуралдаж, уг хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл тус бүрээр нэг бүрчлэн санал хурааж, эцэслэн баталлаа.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ УИХ-д танилцуулсан.

Засгийн газрын гишүүн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөхөөр хуульчилсан билээ.

УИХ-ын байнгын хороо, чуулганы өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам”-д өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр сайд нар тангаргаа ээлжээр уншдаг байсныг болиулж, хамгийн ахмад гишүүн тангаргийг уншиж, бусад нь давтан хэлдэг болсон юм.

Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулган хаалтаа хийлээ.

Анхдугаар чуулганд парламентын шинэ гишүүд тангараг өргөн, бүрэн эрхээ баталгаажуулж, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон. Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллана.

ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН:
    1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
    2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр,
    3. Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд,
    4. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,
    5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал,
    6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр,
    7. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга,
    8. Монгол Улсын сайд, Хотын стандарт хариуцсан Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн,
    9. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
    10. Сангийн сайд Б.Жавхлан,
    11. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
    12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,
    13. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,
    14. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа,
    15. Боловсролын сайд П.Наранбаяр,
    16. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,
    17. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,
    18. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин,
    19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь,
    20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр,
    21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү,
    22. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,
    23. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу