“Уур амьсгалын хямралтай тэмцэх нь” сэдвээр салбарын мэргэжилтнүүд өнөөдөр (2023.04.04) хэлэлцүүлэг өрнүүллээ. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг шийдвэрлэхэд  мэргэжилтэн, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэдэнд мэдлэг олгох, энэ чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулах сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах талаар ярилцсан юм.

 Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан эрүүл мэндэд учирч буй шууд хохирлын зардал 2030 он гэхэд жилд 2-4 тэрбум ам.доллар байх төлөвтэй байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндөж Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой тулгарч буй асуудал хандуулж, харилцан туршлага солилцох, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар нэгдсэн ойлголттой болох нь чухал ач холбогдолтойг онцоллоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг бөгөөд:

  • шууд нөлөөлөлд “Цаг уурын гэнэтийн үзэгдлүүд (шуурга, үер, ган гачиг, хар салхи) ихэссэнээс хүний амь нас хохирох,”
  • шууд бус нөлөөлөлд “хүнсний хангамж хүрэлцээ багасах, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас хоол тэжээлийн дутагдалд өртөх, Шавжаар дамждаг халдварт өвчнүүд нэмэгдэх, Үер усны аюулын улмаас ундны усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож урвах тахал, халдварт шар, суулгалт халдвар хүн амын дунд тархах” зэрэг багтах ба иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт сөрөгөөр нөлөөлдөг.

Манай орны жилийн дундаж агаарын температур ойролцоогоор сүүлийн 80 жилд 2.25°C-ээр дулаарсан байна. 1990 оноос хойш агаарын дундаж температурын өсөлт эрчимжсээр хамгийн дулаан жил 2007 онд тэмдэглэгджээ. Харин өнгөрөгч 2019 оны агаарын дундаж температур 1.2°C байсан нь 1940 оноос хойш ажиглагдсан тав дахь дулаан жил байна. Монгол Улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгд зүй ёсоор ордог.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу