АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вашингтонд болж буй НАТО-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтын албан ёсны нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ “АНУ болон холбоотнууд ойрын саруудад Украинд стратегийн таван, агаарын довтолгооноос хамгаалах олон арван тактикийн систем нийлүүлнэ” гэж мэдэгдэв.

Тэрбээр “АНУ, Герман, Нидерланд, Румын, Итали улсууд Украинд агаарын довтолгооноос хамгаалах таван стратегийн систем нэмж нийлүүлнэ” гэж тэр хэлсэн талаар “RIA Novosti” агентлаг мэдээлжээ. Байден “2025 онд Киев агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай олон зуун сөнөөгч пуужин хүлээн авна” гэж нэмж хэлсэн байна.

Вашингтон болон түүний түншүүдийн хамтарсан мэдэгдэлд дурдсанчлан, Украинд Америкийн “Patriot”, Италийн “SAMP-T” системүүд, NASAMS, HAWK, IRIS T-SLM, IRIS T-SLS, Gepard тактикийн системүүд өгөх аж.

АНУ болон түүний холбоотнууд Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэхэд тэрбум гаруй ам.доллар зарцуулахаа амалжээ.

Москва 2022 онд НАТО-гийн орнуудад Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаар ноот илгээсэн. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Киевт зориулсан зэвсэг агуулсан аливаа ачаа Оросын зэвсэгт хүчний хууль ёсны бай болно” гэж тэмдэглэж, АНУ болон НАТО мөргөлдөөнд шууд оролцож байгааг онцолсон билээ.

ВВС агентлагийн мэдээлэлд дурдсанаар, Цагаан ордны тэргүүн “Украин эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс хэвээр үлдсэнээр дайн дуусна. Орос дийлэхгүй. Украин ялна” гэж хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НАТО-гийн удирдагчдыг Вашингтон ДиСи-д угтан авч, Доналд Трампын сонгуулийн сорилтыг даван туулж чадна гэдэгтээ итгэлтэйгээр, хилийн чанад дахь болон эх орондоо байгаа холбоотнуудаа тайвшруулахуйц “хатуу үг” хэлжээ.

Тэрбээр дээд хэмжээний уулзалтын нээлтийн үеэр “Орос, Украины хоорондох дайны “чухал мөч”-тэй тулгарсан тул цэргийн эвсэл “урьд урьдынхаас илүү хүчирхэг” байна гээд, “автократууд” дэлхийн дэг журмыг бусниулсныг анхааруулж, Киевт цэргийн тусламж үзүүлэхээ зарлажээ.

Байден 13 минут орчим тод дуу хоолойгоор ярьсан нь өнгөрсөн сард Трамптай хийсэн ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэрх бүгтхэн дуунаас нь эрс ялгаатай сонсогдсон аж.

Мягмар гарагт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын долдугаар танхимаас сонгогдсон, Ардчилсан намын гишүүн, Нью Жерсигийн Мики Шерилл Ерөнхийлөгч Байденыг дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг олон нийтэд уриалжээ. Айлчлан ирсэн дипломатууд ч Байдены ирээдүйд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Нэрээ нууцалсан Европын төлөөлөгч “Reuters” агентлагт “Би түүнийг дахин дөрвөн жил АНУ болон НАТО-г удирдана гэж төсөөлж ч чадахгүй байна” гэж ярьжээ.

Байдены багийнхан өдгөө 81 настай түүнийг ерөнхийлөгчөөр ажиллах хангалттай эрч хүчтэй хэвээр байгааг харуулахыг хичээсээр буй аж.

Эх сурвалж: BBC, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу