Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр (2023.04.04) 10 цагийн турш үргэлжилсэн. Гэвч тодорхой шийдвэр гаралгүй завсарласан юм. Тиймээс түүнийг өнөөдөр (2023.04.05) 10:00 цагаас үргэлжлүүлэн шүүнэ.

Шүүх хуралдааны өчигдрийн үйл явцаас товч хүргэе.

Ерөнхий шүүгчээр Ж.Болдбаатар,

Шүүгчээр Б.Отгонцэцэг ажиллаж байна. 

10:00 цаг. Шүүх хурал хараахан эхлээгүй байгаа ч Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардсан иргэд болон Ардчилсан намын зарим гишүүд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны гадна цуглаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд нүүрс, Хөгжлийн банк, ЖДҮ гээд “том” хулгайд холбогдсон улс төрч нартаа хариуцлага тооцож, авлигын эсрэг тэмцлээ дотроосоо эхлэх ёстой. Шүүх төрөөс хараат бус байх ёстой атал тийм байж чадахгүй байна, захиалгатайгаар Д.Мөнх-Эрдэнийг хорих гэж байна гэх утга бүхий тайлбарыг хэлсэн юм.

10.30 цаг. Шүүх хурал эхэллээ. Д.Мөнх-Эрдэнийн талаас шүүх хурлыг нээлттэй явуулах саналыг тавьж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оруулах санал гаргажээ. Улмаар шүүх хурал нээлттэй болох байсан ч шүүхийн зүгээс хурлын эхлэл болон шийдвэр танилцуулах төгсгөлийн хэсгийг л  дэлгэцээр харуулах талаар хэллээ. Ингээд шүүх хурлын эхлэл хэсгийг коридорт үзүүлэв.

Хурлын эхэнд Д.Мөнх-Эрдэнэ шүүгчид хандан хоёр хүсэлт тавилаа.

Нэгдүгээрт, “2020 оноос хойш АТГ-аас шалгаж байгаа Хөх Хотод ерөнхий консулаар ажиллаж байсан хэрэгт хоёр өмгөөлөгчтэй байсан. Гэтэл нэг нь төрийн албанд ажилладаг болсон. Нөгөө өмгөөлөгчөөсөө өмнөх шүүх хурлын үеэр татгалзсан. Тийм учраас энэ хэрэгт өмгөөлөгчгүй болчихоод байгаа юм. Энэ хэрэг санхүүгийн асуудалтай холбоотой учраас санхүүгийн мэргэжлийн, туршлагатай хоёр өмгөөлөгч олох шаардлагатай байна. Миний бие цагдан хоригдож байгаа учраас өмгөөлөгч олох боломжгүй.  Ар гэрээс маань надад өмгөөлөгч санал болгосон боловч уулзаад үзэхэд шаардлага хангаагүй. Тийм учраас өмгөөлөгч авах боломжоор хангаж өгнө үү” гэсэн.

Хоёрдугаарт, “Өөрт холбогдсон хэргийн материалтай огт танилцаагүй. Тиймээс өмгөөлөгч авч байгаад хэргийн материалтайгаа нухацтай танилцмаар байна” гэж хүссэн. Гэтэл түүний хүсэлтийг шүүгч хүлээж авсангүй. 

11:30 цаг. Д.Мөнх-Эрдэнэ хэргийг Б.Отгонцэцэг гэх шүүгч удирдаж байгаа аж. Өмнөх хүсэлтийг нь хүлээж аваагүй тул Д.Мөнх-Эрдэнэ шүүгчээс болон прокуророос татгалзах хүсэлт гаргажээ. Гэтэл Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар эл хүсэлтийг үндэслэлгүй гэж үзээд, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр болов.

Ингээд Д.Мөнх-Эрдэнэ хоёр ч удаа шүүх хурлыг хойшлуулахыг хүссэн ч шүүгч татгалзлаа.

Д.Мөнх-Эрдэнийн талын ажиглагчаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, АН-ын Дэд дарга Д.Ганбаяр, Д.Мөнх-Эрдэнийн нагац эгч Ж.Энхтуяа болон дүү нь оролцож байгаа аж. 

17:00 цаг. Шүүх хурал түр завсарлажээ. Энэ үеэр ажиглагчаар оролцож байгаа АН-ын дэд дарга Д.Ганбаяр дараах мэдээллийг хэвлэлд өглөө. 

Тэрбээр “Шүүх хурал дөнгөж эхэлж байна. Д.Мөнх-Эрдэнэ хоёр удаа шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан ч шүүх хүлээж авахгүй, хүчээр явуулж байна. Энэ шүүх хурал нээлттэй явах ёстой. Прокуророос шүүх хурлыг хаалттай явуулах санал гаргахад шүүгч зөвшөөрөөгүй. Энэ шүүх хурал олон нийтэд нээлттэй болж байж шударга шийдвэр гаргасан гэдэгт бид итгэнэ. Хонгилын шүүх ажиллаж байна гэж хардаж байна” гэлээ.  

Мөн Д.Мөнх-Эрдэнийн нагац эгч Ж.Энхтуяа “Ц.Нямдорж, Н.Анхбаяр, С.Оюунбилэг нарын гомдлоор миний дүүд хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад шүүж байгаа юм байна. Хүнийг хууль бус зүйл хийсэн бол яллаж болно. Гэхдээ энэ шүүх хурал бол захиалгатай байна. Хүнийг тамлана гэж л энэ байх. Шүүх хуралд ажиглагчаар орсон боловч бие муудаад, байж тэсэхгүй гараад ирлээ. Одоо миний дүүг ямар ч өмгөөлөгчгүйгээр шүүх хурал болж байна” гэлээ.  

Шүүх хурлын үеэр Д.Мөнх-Эрдэнийн даралт ихсэж, хоёр ч удаа эмчийн тусламж авчээ.

19:40 цаг. Шүүх хурал завсарлалаа. Д.Мөнх-Эрдэнийн талаас хэргийг нь шүүж байгаа Сүхбаатар дүүргийн шүүхээс татгалзах хүсэлт гаргажээ. Учир нь хэргийг нь харьяаллын бус шүүх нь шүүж байна гэж үзсэн байна.

Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтох дараах мэдээллийг өглөө. Сануулахад, Д.Мөнх-Эрдэнэ гурван өмгөөлөгчтэй байсан ч хоёр нь түүнийг өмгөөлөх боломжгүй болсон. Мөн тэр Л.Баттогтох өмгөөлөгчөөс татгалзах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй юм. 

Өмгөөлөгч Д.Баттогтох “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газар гэмт хэрэг үйлдэгдсэн бол Улсын дээд шүүхээс харьяаллыг нь тогтоох ёстой. Тийм учраас харьяаллын бус шүүх нь энэ хэргийг шүүж байна гэж үзээд бид Сүхбаатар дүүргийн нийт шүүгчээс татгалзлаа. Одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх ёстой. Ажлын цаг нь дууссан учраас маргааш зөвлөлдөж, шийдвэр гаргах байх” гэсэн юм. 

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлнэ. 


Үндэслэл: Түүнийг Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн зэрэг хэрэгт буруутгаад байгаа билээ.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн 22.1.1 Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.4.1 Нийтийн албан тушаалтан хахууль өгөх Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 Хахууль өгөх 1 дүгээр заалт нь Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу