Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам “Хүй долоон худаг”-т өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Энэ жилийн Уяачдын наадамд сонгомол морьдын уралдааны дээд насанд 71, дунд насанд 59, бага насанд 84, нийт 214 хурдан хүлэг тоосоо өргөсөн бол хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 64 бөх зодоглов.

Уяачдын наадмыг нээж Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол наадам бол Монгол үндэстний үүх түүх, өв соёл, төрт ёсны илэрхийлэл болсон эгнэшгүй үнэт зүйл билээ.

Даяаршлын эрин зуунд бөмбөрцгийн улс орнууд бие биенээсээ ялгарах, ондооших ижилсэл нь уугуул өв соёл байдаг. Нүүдэлчдийн уугуул өв соёлын нэгэн гайхамшиг болсон морь уяхыг төрийн эрхэм үйл хэмээн дээдэлж явдаг уяачид Та бүхэн минь төрийнхөө их баяр цэнгэл наадамд нас насны хурдан хүлгээ уралдуулж, түмэн олноо цэнгүүлэн хүүхэд, морь эсэн мэнд, хүн бүхэн баяр хөөрөөр бялхан, Хүйн долоон худгийнхаа буурал дэнжид хурсан олныхоо хийморийг асаан, хотол олноороо сайхан наадаарай” гэсэн юм.

Энэ үеэр Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чимэг олгож, мөнгөн шагналыг нь гардуулж, баяр хүргэв.

   

Уяачдын наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөх барилдахаас улсын заан нэг, улсын начин хоёр, аймаг, цэргийн арслан найм, аймгийн заан гурав, аймгийн начин 11, нийт 48 бөх зодоглохоор бүртгүүлсэн. Тухайлбал,

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын начин Б.Бадамсүрэн, Завхан аймгийн Отгон сумын харьяат улсын начин Төрмөнхийн Дүгэрдорж, Сүхбаатар аймгийн Асгат сумын бөх, аймгийн хурц арслан Ч.Энхмөнх тэргүүтэй бөхчүүд барилдав.

Энэ жилийн уяачдын наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Т.Дүгэрдорж үзүүрлэв. Их шөвөгт аймгийн арслан Т.Баттогтох тунаж үлдлээ.

Я.СОДБААТАРЫН ХАЛТАР МОРЬ ТҮРҮҮЛЖ, Г.ГАНБАЯРЫН МОРЬ
АМАН ХҮЗҮҮНД ХУРДЛАВ

Уяачдын наадамд монгол орны өнцөг булан бүрээс уяач, уралдаанч хүүхдүүд зорин ирдэг. Энэ өдөр сонгомол дээд, дунд нас болон жороо морины уралдаан болов. Сонгомол морьдын уралдааны дээд насанд 71, дунд насанд 59, бага насанд 84, нийт 214 хүлэг уралдлаа.

Сонгомол дунд насны ангилалд 65 хурдан хүлэг гарааны зурхайгаас хөдөлж, Я.Содбаатарын халтар морь түрүүллээ. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаяр дээд, дунд сонгомол насанд хоёуланд нь аман хүзүүнд хурдлав.

Эрлийз буюу сонгомол дээд насны морины уралдаанд 79 хурдан хүлэг шандас сорин хурдалснаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Монгол Улсын Алдарт Уяач С.Баярсайханы бор дором морь түрүүллээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаярын буган хээр, чагттай сар морь, айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Д.Баттөгсийн хүрэн халзан, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар, айргийн тавд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Бямбадоржийн ухаа хонгор морь хурдлав.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу