АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трампыг Пенсильвани мужид Бямба гарагт сонгогчидтойгоо уулзах үеэр олон удаа буун дуу гарчээ. Трамп баруун гараа өргөж, чихээ дарсан байсан нь дүрс бичлэгт бичигдэн үлдсэн байна. АНУ-ын нууц алба болон нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчид Трамп аюулгүй байгаа талаар мэдэгджээ.

Ерөнхийлөгч асан үгээ хэлж эхлэв үү үгүй юү буун дуу гарсан байна. Нууц албаны ажилтнууд түүнийг тойрон бүчиж, Трампын баруун хацар, чих орчимд цус болсон байсан нь дүрс бичлэгээс тод харагджээ.

АНУ-ын Нууц албаны хэвлэлийн төлөөлөгч “Нууц алба яаралтай арга хэмжээ авч, ерөнхийлөгч асан аюулгүй байна” гэж X-д мэдэгдсэн байна. Тус албанаас мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд боломжтой үед нэмэлт мэдээлэл өгөх ажээ.

CNN агентлаг “Трамп шархадсан” гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Одоогийн байдлаар нэр дэвшигч хэрхэн, ямар гэмтэл авсан нь тодорхойгүй байгаа аж.

Питтсбургийн ABC-ийн WTAE агентлаг Батлер дүүргийн прокурор Ричард Голдфингерийн хэлснээс иш татан, “Нэг хүн нас барсан” гэж мэдээлжээ. Гэрч Рон Мүүз “Буудаж буй мэт поп, поп, поп” гэсэн дуу дөрвөн удаа сонсогдсон” гэж хэлсэн байна.

Трампын сонгуулийн кампанит ажлын төлөөлөгч Трамп сайн байгаа бөгөөд орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар мэдэгджээ.

Нэр дэвшигчийн хэвлэлийн төлөөлөгч Стивен Чеунг “Ерөнхийлөгч Трамп энэхүү бусармаг үйлдлийн үеэр шуурхай арга хэмжээ авсан хууль сахиулах байгууллага болон яаралтай тусламжийн ажилтнуудад талархал илэрхийлж байна. Түүний биеийн байдал сайн байгаа бөгөөд орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дараа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ” гэж мэдэгджээ.

Уулзалт болсон газруудын сандлуудыг хурааж, эргэн тойронд нь цагдаагийн шар өнгийн тууз наалттай, дээгүүр нь нисдэг тэрэг эргэлдэж, хууль сахиулах байгууллагын ажилтнууд тус бүс нутгаар алхаж байгаа нь дүрс бичлэгээс харагджээ. Мөн Трампын зогсож байсан тайзны ойролцоох дээвэр дээр хууль сахиулахын зэвсэгтэй  ажилтнууд байсан аж.

Цагаан ордон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг хэргийн талаарх мэдээллийг авсан талаар мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу