Долдугаар сарын 14-ний өдрийн байдлаар, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул (Босгийн гүүр), зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн (Хонгон-Мөнгөнморьт-Багануур), Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна. Туул (Лүн), Балж, Хэрлэн (Мөнгөнморьт-Чойбалсан), Буянт, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см давсан байдалтай байна.

Туул гол Улаанбаатар хот орчимд өнөөдөр (2024.07.15) усны түвшин 5 см, Онон гол Дадал орчимд 15 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 5 см, Онги гол Сайхан-Овоо сум орчимд 20 см тус тус нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.

Мөн Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Сүхбаатар аймгийн баруун хэсэг, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрджээ.

Түүнээс гадна хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялж амарч яваа ард иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу