Нидерландын Вант улсын Гааг хотын Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубын “Өглөөний уулзалт”-ын зочноор гурав дахь удаагаа уригдан оролцож, улс орны болон дэлхий дахин өрнөж буй үйл явдлын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Уулзалтын дараа түүнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе.

БЛИЦ

ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ: Гааг дахь Олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд 2006 оноос хойш ахлах өмгөөлөгч

ХАШИЖ БАЙСАН АЛБА: Монгол дахь олон улсын байгууллагуудад хуулийн зөвлөх, өмгөөлөгч, АНУ-д өмгөөлөгчийн туслах, Монгол Улсын цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагч

ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ, ЦОЛ ЗЭРЭГ:
-АНУ-ын Миннесотагийн их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
-Олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр Австри, АНУ, Бельги, Герман, Голланд, Франц, Итали, Швейцарь, Шинэ Зеланд зэрэг улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад тус тус хамрагдсан.
-Австрийн Зальцбургийн их сургууль, Ирландын Гальвэйн их сургууль, Кутафины нэрэмжит Москвагийн хуулийн их сургуульд олон улсын эрүгийн эрх зүйн чиглэлээр тус тус лекц уншиж байсан.

ХЭЛНИЙ МЭДЛЭГ: Англи, франц.


“МОНГОЛ УЛСТАЙ ХОЛБООТОЙ ЯМАР Ч ХЭРЭГ БАЙХГҮЙ”

-Гаагийн Олон Улсын эрүүгийн шүүхийн гол үйл ажиллагааны талаар юуны өмнө товч тайлбарлахгүй юу? Монгол Улс, монгол иргэн, аж ахуйн нэгжүүдтэй холбоотой ямар нэгэн хэрэг тус шүүхэд байна уу? Та ямар хэрэг дээр одоо өмгөөлөл үзүүлж байна вэ?  

-1998 онд батлагдсан Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм гэж олон улсын конвенцийн дагуу байгуулагдсан олон улсын байгууллага. Манай шүүх дөрвөн төрлийн гэмт хэргийг шийддэг. Нэгдүгээрт, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг. Хоёрдугаарт, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг. Гуравдугаарт, дайны гэмт хэргүүд. Дээрээс нь геноцид (аймаглан устгах.сурв)-ын гэмт хэрэг. Олон улсын хэмжээнд гарч байгаа, улс орон, ард түмнийг хамарсан, маш олон мянган хохирогчтой, дэлхийн хамгийн ноцтой гэж үзэж байгаа гэмт хэргүүдийг таслан шийдвэрлэдэг шүүх юм.

-Тухайлбал?

-Орос Украины дайны үед үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд, Израиль Палестины хооронд үүссэн, олон улсын шинж чанартай зэвсэгт мөргөлдөөний үед үйлдэгдэж буй дайны ноцтой болон хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргүүд байна. Монгол Улстай холбоотой ямар ч асуудал байхгүй. Ерөнхийдөө манай шүүх дайн, үймээн самуунтай холбоотой хамгийн ноцтой гэмт хэргүүдийг шүүн тасалдаг.

-Олон улсын Эрүүгийн хэргийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг баривчлах шийдвэр гаргасан. Хойд хөршийн удирдагчийг яг ямар дүрэм журмын ямар зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа вэ? 

-Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та манай шүүхийн вэб хуудсаас авч болно. Би танд линкийг нь өгье.

-Ер нь Путинд хариуцлага хүлээлгэж чадах болов уу? 

-Олон улсын хуулийн процесс явах л ёстой. Хариуцлага хүлээлгэх ёстой. Би ганцхан Путин Ерөнхийлөгчийг хэлж байгаа юм биш. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь манай шүүхээр тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой. Энэ бол хуулийн зарчим. Энэ хуулийн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд манай шүүх ажилладаг.

-Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, танай шүүхээс ял сонслоо гэхэд хаана ял эдлэх вэ? 

-Манай шүүхээс хорих ял эдлүүлэх шийдвэр гарвал гэрээ байгуулсан гишүүн орнуудын хорих ял эдлүүлэх байгууллагад хорих ял эдлүүлдэг. Энэ бол олон улсын шүүхүүдийн жишиг. Манайх олон улсын байгууллага ч гэсэн  өөрийн гэсэн хорих ял эдлүүлэх шорон байхгүй.

Жишээлбэл, Их Британи буюу Умард Ирландын нэгдсэн вант улс олон улсын шүүхтэй ял эдлүүлэх гэрээ байгуулаад, хорих ял эдлүүлэх олон улсын хүний эрхийн стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг хорих байгууллагад аваачих ёстой. Манай шүүхээс хорих ял эдлүүлэх шийдвэр гарвал гэрээнийхээ дагуу (Монголоор  бол шүүхийн шийдвэр биелүүлэх) байгууллагад хорих ял эдлүүлэхээр шилжүүлдэг.

“УЛС ОРНУУДЫН ХООРОНДЫН ҮЗЭН ЯДАЛТ, ЦУСАН ӨШӨӨ ГЭДЭГ
ТУЙЛЫН АЮУЛТАЙ”

-Орос Украины дайн, Израиль Палестины зэвсэгт мөргөлдөөний улмаас үй олон хүн хохирч, амиа алдсаар байна. Үүний ирээдүйн үр дагавар хэр байх талаар та ямар бодолтой явна вэ?

-Энэ бол туйлын ноцтой зүйл шүү дээ. Дэлхийн хоёрдугаар дайн 1945 онд дууссан. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайнаас үүсэлтэй гэм хорын асуудал одоо хүртэл үргэлжилж байна. Тэр үед байсан хүмүүс өнөөдөр амьд байна. Тэр үед ах дүү, хамаатан саднаа дайны галд алдсан хүмүүс өнөөдөр амьд байна. Тэр хүмүүсийн дурсамж өнөөдөр амьд байна. Өнөөдөр болж байгаа дайны үр дагавар цаашдаа 30, 40, 50, …100 жил үргэлжилнэ. Ялангуяа улс орнуудын хоорондын үзэн ядалт, цусан өшөө гэдэг туйлын аюултай зүйл. Энэ нь хүний мөн чанарт байдаг зүйл.

Дайн нэг өдөр үргэлжлэхэд цаашдын үр дагавар нь 10 жил үргэлжилнэ. Тэгэхээр туйлын аюултай. Өнөөдөр XXI зуунд амьдарч буй бидэнд улс орнуудын хооронд, олон улсын хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гарч байна гэдэг бол туйлын харамсалтай зүйл. Энэ бол нэг өдөр байтугай нэг минут ч үргэлжлэх ёсгүй.

Харамсалтай нь, өнөөдөр олон улсын хэмжээнд энх тайван, аюулгүй байдлыг хангах механизм маань хангалттай ажиллахгүй байна. Тийм учраас олон улсын хэмжээнд дайны байдал үүссэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас, олон улсын хэмжээнд олон улсын хууль дүрмийг мөрдөхгүй байгаа учраас ийм байдал үүсч байгаа байхгүй юу.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурал саяхан болж өндөрлөлөө. Монгол Улс ажиглагчийн байр сууриа хадгалах ёстой гэж үзэх нэгэн байхад гишүүнээр элсэх нь зүйтэй гэж хэлдэг хүмүүс ч байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ? 

-Би олон улсын харилцааны дипломат мэргэжлийн хүн биш учраас энэ дээр илүү юм хэлэх хэрэггүй болов уу гэж бодож байна. Би зөвхөн өөрийн эрхэлдэг ажлын хүрээнд ярьж байгаа юм.

Манай Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагаа олон улсын харилцаанд нөлөөлж байгаа учраас түрүүн миний ярьсан дөрвөн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах, таслан шийдвэрлэхтэй холбогдолтой асуудлаар олон улсын харилцаанд нөлөөлж байгаа байхгүй юу. Тийм учраас би олон улсын харилцааны асуудалд дүгнэлт хийх нь зохисгүй зүйл юм.

-Та Гааг дахь Олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд анх өмгөөлөгчөөр орохдоо ямар шалгуурууд давсан бэ? 

-Би түрүүнд дурдсан. Олон улсын хэмжээнд энх тайван, аюулгүй байдлыг хангах, олон улсын хууль дүрмийг сахиулах арга хэмжээнд дэлхийн маш олон орны хуульч, өмгөөлөгч, олон улсын харилцааны ажилтан оролцож ажиллах ёстой байгаа юм. Тэгж байж олон улсын хэмжээнд хуулийг тэгш, шударгаар мөрдүүлэх боломж бүрдэнэ. Тийм болохоор дэлхийн хэмжээнд азиуд, ялангуяа монголчууд олон улсын түвшинд, олон улсын хууль сахиулах байгууллагад олноороо ажиллах хэрэгтэй. Тэгэхийн тулд маш их дадлага хийх хэрэгтэй.

Би хуулийн сургуулиудын оюутнуудад маш их уриалдаг. Олон улсын байгууллагууд, НҮБ, түүний салбар байгууллагуудад, олон улсын хууль шүүхийн байгууллагад олноороо ажиллах хүсэлт өгөөч ээ. Энэ бол та бүхний ажиллах ёстой газар. Сургуулиа төгссөн мэргэжлийн хуульч нар очиж ажиллаач ээ, сайн дурын ажилтан очиж хийгээч ээ, зочин хуульчаар, салбарын ажилтнаар очиж ажиллах хэрэгтэй.

Урт болон богино хугацаагаар очиж мэргэжлийн ажил хийж, дадлага туршлагатай болох хэрэгтэй. Дээрээс нь олон улсын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд оролцооч ээ. Бид нэг л дэлхийтэй. Энэ дэлхийд болж буй Украин Оросын, Израиль Палестины дайн бидэнд хамаатай асуудал. Бидний амьдралд, Монголд байгаа хүмүүст нөлөөлж байгаа. Мэдрэгдэхгүй байлаа гэхэд дэлхийд болж байгаа, тэнд амь үрэгдэж байгаа энгийн номхон иргэдийг бид өрөвдөх ёстой. Тэр хүмүүст бид туслах ёстой. Олон улсын хүмүүнлэгийн ажилд нь оролцох хэрэгтэй.

“ДЭЛХИЙН АСУУДАЛ БИДЭНД ХАМААТАЙ”

-Олон улсын хуульч, өмгөөлөгчийн ажил амаргүй болов уу. Дайны галын шугамд ойр уу, албан тасалгаандаа голдуу ажиллах уу?  

-Олон улсын хуульч болно гэхээр жишээлбэл, Гааг хотноо очоод цэвэрхэн ажил хийх ерөөсөө биш. Олон улсын карьер гэдэг дэлхийн хамгийн хүнд нөхцөлд, дайн өлсгөлөн гамшиг болж байгаа газар очиж ажиллахыг хэлж байна. Миний хувьд яг шүүх дээр нь ажилладаг.

Олон улсын харилцаа, олон улсын хүмүүнлэгийн хуулийн чиглэлээр, олон улсын хүний эрхийн чиглэлээр ажиллая гэж бодож байгаа монголчууд, мэргэжлийнхэн, хуулийнхан, олон улсын харилцааны мэргэжилтэй хүмүүс, сэтгүүлч нар ч адилхан шүү дээ.

Дэлхий дээр хамгийн хүнд хэцүү газар очно. Дайн, байгалийн гамшиг болж байгаа, өрсөлдөөн болж байгаа газар очиж ажиллаж, энэ дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдүүлэх ёстой байхгүй юу. Яагаад гэхээр монгол хүн та өөрөө хүн төрөлхтөнийг бүрдүүлж буй гэр бүлийн нэг гишүүн юм.

Бидэнд хамаагүй гэж ерөөсөө бодож болохгүй. Бид бүр алслагдсан газар хаягдчихсан хүмүүс шиг амьдраад байвал утгагүй. Бид чинь орчин үеийн хүмүүс. Дэлхийн асуудал бидэнд хамаатай. Бид XXI зуунд хоорондоо холбоотой, даяаршлагдсан. Цахимаар бүгд хоорондоо холбогдсон нийгэмд амьдарч байна шүү дээ.

-Гуравхан сая гаруй монгол хүн эх орондоо хангалттай сайхан амьдарч чадахгүй байна. Ер нь гаднын оронд ажиллаад, гаднаас харахад Монгол Улс ямар өнгөтэй харагдаж байна вэ? 

-Миний бодол шүү. Хүмүүс “Монголчууд гадагшаа яваад дууслаа” гэж ярьдаг. Яг үнэндээ монголчууд гадагшаа бүр их явах хэрэгтэй. Бүр их сурах хэрэгтэй байна. Тэгж байж улс орон маань илүү хөгжинө. Залуу хүн бол гадаадад сургууль ямар байдгийг үз. Жинхэнэ чанартай боловсрол ямар байдгийг үз. Хуурдаггүй, хуулдаггүй, багшийгаа найрдаггүй байх нь наад захын боловсролын хэм хэмжүүр байхгүй юу.

Бүх юм шударгаар үнэлэгддэг тийм нийгэмд бүгдээрээ очиж амьдарч байж шударга ёс гэж ийм юм байдаг юм байна, шударга төр засаг гэж ийм байдаг юм байна, хууль тэгш үйлчилнэ гэж энийг хэлдэг юм байна гэдгийг бүгдээрээ мэдэрнэ. Бид угаасаа буцаад эх орондоо ирнэ шүү дээ.

Би одоо бараг 20 жил олон улсын шүүхэд ажиллаж байна. Би ч нэг өдөр буцаад эх орондоо ирнэ, цаг нь болохоор. Тэгэхээр бүр ихээр явах хэрэгтэй. Тэгж байж бид дэлхийгээс хамгийн сайн сайхан юмыг нь эх орондоо авчирна.

Явж байгаад битгий их санаа зов. Хүмүүс “Монголд хүүхэд, хөгшид л үлдэх нь” гэж айдаг. Үгүй, хэзээ ч хоосрохгүй. Ард түмэн байгаа цагт байж л байна. Харин бүр ихээр явах хэрэгтэй. Тэгж явах тусам эх оронд сайн. Бүр ихээр суралцах хэрэгтэй. Шинжлэх ухаан техникийн хамгийн сүүлийн техникийг хүн л авчирч байна. Монголчууд олноороо гадаадад сурч байгаа нь зөв зүйл.

Явах нь сайн, явахгүй байвал асуудалтай шүү дээ. Явахгүй байвал тогтмол улс хамгийн түрүүнд нурдаг гэдэг. Шинэчлэгдэхгүй, шинэ мэдээлэл, шинэ санаа, шинэ туршлага, шинжлэх ухаан технологийн хамгийн орчин үеийн ололтууд орж ирэхгүй. Хууль ч гэсэн адил шүү дээ. Маш хурдтай хөгжиж байна. Олон улсын хуулиуд шинэ шинэ санаанууд, шинэ шинэ дүрэм, журмуудтай болж байна. Тэрийг чинь хүн л олж ирдэг байхгүй юу.

-Та жилд хэдэн удаа эх орондоо ирдэг вэ?

-Би өвөл, зундаа Монголдоо амралтаараа ирдэг. Миний ээж, гэрийнхэн Монголдоо байна. Эх орондоо ирж, ээждээ үзэгдэх ёстой.

-Сая УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд томсгосон тойргоор зохион байгуулагдаж, 126 гишүүн сонгосноороо онцлогтой болсон. Ирээдүйн хөгжлийн гэрэл гэгээ харагдаж, итгэл найдвар төрж байна уу? 

-Холоос л харж байлаа. Хүний эрхийн хуульчийнхаа хувьд хэлэхэд, хууль тогтоох байгууллага маань эрх барих гэхээсээ илүүтэй ард түмний төлөөлөл байх ёстой гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Ард түмнийг маш олон төрлийн хүмүүс бүрдүүлдэг байхгүй юу. Тэр төлөөлөл ямар ч улсын парламентад тодорхой хэмжээгээр гарч байж хүний эрхийг хангах нөхцөл бүрддэг.

УИХ жендэрийн тэгш байдлыг хангаж, аль болох олон эмэгтэй гишүүн сонгогдож байж эмэгтэй хүний эрхийг хамгаалдаг болох, аль болох олон хөгжлийн бэрхшээлтэй хүн сонгогдож байж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхаарал хандуулна. Энд үндэсний цөөнх, бэлгийн цөөнх бас адилхан. Тэгэхээр ард түмнийг төлөөлж буй бүх л төлөөлөл парламентад орж байж хүний эрхйг хангах механизм ажилладаг.

Эсрэгээр зөвхөн нэг төрлийн төлөөлөл парламентад орчихвол хүний эрхийг хангаж чаддаггүй байхгүй юу. Энэ бол ганцхан Монголтой холбоотой бус, дэлхийн ардчиллын түүх, хүний эрхийн түүх. Тэгэхээр Засгийн газар байгуулахдаа ч яг ард түмнийг төлөөлж буй маш олон төрлийн хүмүүс орох ёстой. Казах хүн, халх хүн орох хэрэгтэй. Залуучууд, өндөр настай хүмүүсийн төлөөлөл ч байх хэрэгтэй.

Ардчилсан улсад сонгууль гэдэг эрх барих гэхээсээ гадна хүний эрхийг хангах механизм болж өгдөг. Канад улсаар жишээ авъя. Засгийн газраа бүрдүүлэхдээ нийгмийн давхарга болгоны төлөөлөл оруулдаг. Тэгж төлөөлөл хангагдаж байж хүний эрхийн асуудалд мэдрэмжтэй ханддаг. Хүний эрхийн асуудлуудад мэдрэмжтэй хандаж байж хүний эрх, хүний эрхийн хуулийг хангана. Төлөөллөө сонгоно гэж бүрэн утгаараа энийг хэлээд байгаа юм.

Дээр үед нэг шуугиан тарьсан мэдээлэл гарч байсан. “Италийн парламентад порно жүжигчин сонгогдлоо” гэж. Тухайн үедээ би ямар галзуу мэдээлэл вэ гэж бодож байсан. Одоо бодоход, ардчиллын үнэт зүйл тэнд явж байж. Тэр хүн сонгогдсон эсэх нь хамаагүй, тэнд төлөөлөл нь байх ёстой. Бүх л төлөөлөл байх ёстой. Би илүү сонирхолтой болгохын тулд экстрим жишээ авч байна л даа. Ер нь тийм байж байж тэр их хуралд хүн өөрийгөө харж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл, намайг төлөөлсөн, надтай адилхан хүн тэнд байна.

Ялангуяа жендэрийн асуудал байна. Шинээр байгуулагдаж байгаа Засгийн газар гэхэд 50 хувь нь эмэгтэй хүн байх ёстой байхгүй юу. Яагаад вэ гэвэл, ард түмний 50 хувь нь эмэгтэй хүн. Тэгж байж энд төлөөлөл бий болно гэсэн үг. Тэгэхгүй бол эмэгтэйчүүдийн эрхийн асуудал зөрчигдөнө. Эмэгтэйчүүдийн эрхийг хангаж чадахгүй. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн зөвлөхийн 50 хувь нь эмэгтэй хүн байх ёстой.

Яагаад вэ гэвэл, ард түмний 50 хувь нь эмэгтэй хүн. Ингэж байж хүний эрхийг хангах механизм ажиллаж, хүний эрхийн мэдрэмжтэй байх үндэс суурь бүрдэнэ. Тэгэхгүйгээр парламент, засгийн газрын 90 хувь нь эрэгтэй байвал эмэгтэй хүний асуудалд анхаарал тавьдаггүй. Яагаад вэ гэвэл, хүний мөн чанарын асуудал. Хүн өөртөө хамааралгүй асуудлыг оролддоггүй. Тиймээс Засгийн газраа бүрдүүлэхэд хүний эрхийн маш нарийн мэдрэмжтэй байх ёстой.

-Монголчууд ардчиллаас ухарч байна гэж ярьдаг хүмүүстэй та санал нийлж байна уу?

-Тэрийг их олон шалгуураар дүгнэж болно л доо. Ардчилал гэдгийг дангаараа сонгууль гэж зарим хүмүүс ойлгоод байх шиг. Ардчилал гэдэг чөлөөт хэвлэл мэдээлэл. Ардчилал гэдэг бол хараат бус шүүх. Ардчилал гэдэг бол маш хүчтэй иргэний нийгэм. Ардчилал гэдэг өөрийн гэсэн үзэл бодолтой намууд. Тэгэхээр ардчилал дотроо маш олон элементтэй.

Сонгууль бол ардчиллын 10-хан хувь гэдгийг ойлгох хэрэгтэй. Ардчилал гэдэг маш өндөр ёс суртахуунтай төрийн алба. Мэргэжлийн төрийн алба бол ардчилал. Ардчилал гэдэг ёс зүйн маш өндөр хэм хэмжээ. Энэ чинь ардчилал байхгүй юу. Сэтгүүлчид байна. Ардчилсан нийгэмд сэтгүүлч хэзээ ч төрөөс шагнал авч болохгүй.

-Яагаад? 

-Хараат бус хэвлэл мэдээлэл төрөө хянаж байх ёстой. Төрөө хянадаг байгууллага өөрийнхөө хяналтад байдаг газраас шагнал авч болохгүй байхгүй юу. Яагаад вэ гэвэл, энэ бол ашиг сонирхлын зөрчил бий болгож байгаа юм.

-Өмнө нь хэн ч ингэж ярьж байсангүй? 

-Харин тийм, ингэж ярьдаггүй байхгүй юу. Энэ чинь ардчиллын үнэт зүйлээ устгаж байгаа хэлбэр. Ардчилал гэдэг маш хүчтэй хараат бус үйлдвэрчний эвлэл. Монголд үйлдвэрчний эвлэлийн асуудал орхигдсон. Энэ маш олон элемент ажиллаж байж ардчилал бий болдог.

Хараат бус шүүхэд ажиллаж байгаа хүмүүс төрөөс шагнал авч болохгүй. Өөрсдийнхөө хянадаг, тасалдаг хүмүүсээс. Монголд гавьяат хуульч гэсэн шагнал байх ёсгүй. Яагаад гэвэл тэр шаннал өгч байгаа Ерөнхийлөгч, УИХ-ыг хянаж байх ёстой. Хянадаг хүмүүсээсээ шанал авах нь ашиг сонирхлын зөрчил бий болгож, танилын хүрээнд оруулдаг. Өр төлбөрийн асуудалтай болчихно.

-Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.   

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу