Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар АНУ-ын Колумбын Их сургуулийн профессор Жеффри Сакс Улаанбаатарт ирээд буй юм. Тогтвортой хөгжлийн тэргүүлэх эрдэмтдийн нэг тэрбээр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар болон МУИС-д хүндэт зочноор уригдан, хөгжлийн талаар лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тэрбээр байгаль орчны манлайллын “Цэнхэр гаргийн шагнал”-ыг 2015 онд хүртсэн, “Time” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 удирдагчийн тоонд хоёронтаа нэрлэгдсэн, нэр хүндтэй эдийн засагч юм.

МОНГОЛ УЛС ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨРТӨГ ЗАРДАЛ БАГА, ХЭМНЭЛТТЭЙ ТЕХНОЛОГИ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ

Профессор Жеффри Сакс:

-Монгол Улс Бүс нутгийн хороотой илүү гүнзгий хамтарч ажиллах хэрэгтэй. Ялангуяа БНХАУ, ОХУ гэсэн хөрш, бүс нутгийн хамтын ажиллагаатай орнуудтай хамтран, эдийн засгийн томоохон төслүүдэд илүү, идэвхтэй оролцох нь чухал. Олон улсын төсөл, хөтөлбөр дээр Монгол Улс эдийн засгийн үр ашигтай байх тал дээр гарч ирж буй болон байгаа боломжуудыг ашиглах хэрэгтэй. Ингэхдээ тодорхой төлөвлөж авах арга хэмжээг мөн нарийн тодорхойлж гаргах хэрэгтэй.

Монгол Улс дэлхийн хоёр том эдийн засаг болох ОХУ, БНХАУ-тай хөрш, энэ бүс нутаг дахь худалдааны сонирхол дунд оршдог. ОХУ-аас Хятад руу түүхий эд экспортолж байхад БНХАУ-д өндөр технологи хөгжиж буй аль алины сонирхлын дунд дээрх хоёр орны худалдаа цаашид улам идэвхжинэ.

БНХАУ, ОХУ-ыг холбосон Эдийн засгийн коридорт Монгол Улс оролцож хамтрах ёстой. Ингэж байж Монгол Улс эдийн засгийн интеграц, түншлэлд орно. Энэ нь Монголд илүү ач холбогдолтой. Тиймээс энэ талын хөгжлийн урт хугацааны, нарийн, тодорхой, цаг хугацаа, хэмжигдэхүйц үр дүнтэй байх бодлогоо төлөвлөх нь чухал. Ийм боломж байна. Үүнийг яаж ашиглах вэ гэдэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Монгол Улс эрчим хүчний өртөг зардал бага, хэмнэлттэй технологи хэрэглэх нь зүйтэй. Тухайлбал, хот төлөвлөлт дээр шинэ барилга барихад эрчим хүчний хэмнэлттэй байх. Хуучин барилгуудын хувьд дулааны алдагдлыг бууруулахад анхаарах учиртай.

Дэлхийн эдийн засгийн шилжилт дээр Монгол Улс БНХАУ руу эрчим хүч экспортлох боломж бий. Ингэхдээ харин хаагуур, аль бүс нутгаар, ямар үнэ өртөгөөр, хэдий хэмжээний эрчим хүчийг яаж гаргах талаар БНХАУ-ын талтай нарийн урьдчилан ярилцах хэрэгтэй. Учир нь шилжилт гэдгийн цаана шинэ шинэ технологи, технологийн өөрчлөлт явагдаж, үйлдвэрлэл-хэрэглээний өртөг зардал яригдаж буйг анхааралдаа авч, хэрэгцээ байгаа гээд яриад байх бус, бусад улс оронтой хамт, хоцрохгүйгээр бодитой хамтарч явах нь чухал.

“МОНГОЛ УЛС ХӨРШҮҮДТЭЙГЭЭ САЙН ХАРИЛЦААТАЙ БАЙХ ЁСТОЙ”

Тогтвортой хөгжил гэдэг нь та бидний хүчин чармайлтаас шууд шалтгаалах зүйл учраас хэрэгжүүлж болох зүйл юм. Үүнийг баялгийг тэгш хуваарилж, хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэх, баян ядуугийн ялгааг арилгах, байгаль орчныг хамгаалах, энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн дөрвөн зүйл дээр тулгуурлан ярьж болно.

Хүн бүрийн амьдралд хүртээлтэй тогтвортой хөгжлийн тухай асуудлыг 22 жил ярьж буй ч тогтвортой хөгжлийг хэрэгжүүлсэн ганц ч улс байхгүй байна.

Тогтвортой хөгжлийн 17 зорилт маш их утга учиртай. Эдгээр зорилтыг биелүүлэх боломжтой ч аль нь ч биелээгүй байгаа нь зорилтыг биелүүлэх арга зам, бодлого стратегиа өөрчлөх хэрэгтэйг харуулж байна.

Бүх улс оронд тохирсон шийдэл байхгүй ч хэдэн зүйл хэлье. Улс орон бүрд сайхан уриа бус, бодитой биелэх төлөвлөгөө байх ёстой. Монгол Улсын эдийн засгийн суурь судалгаа юу вэ гэх мэт шат дараатай судалгаа, төлөвлөгөө шаардлагатай. Мөн бүс нутгийн стратеги чухал юм. Хөршүүдтэйгээ сайн харилцаатай байх ёстой.

Монгол, ОХУ, БНХАУ гэсэн эдийн засгийн коридорыг бодитоор хэрэгжүүлэх нь Монгол Улсын хувьд нэн зөв стратеги юм.

Тогтвортой хөгжлийн зорилтод санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилт байвал боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, газар ашиглалт, дижитал, хотын хөгжлийг авчирна. Гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын урт хугацааны зээл, “Бүс ба зам” санаачилгыг дурдаж болно.

Бүс нутгийн найрсаг хамтын ажиллагаа ихээхэн чухал байна. БНХАУ гэхэд 70 жилийн өмнө найрсгаар оршин тогтнох таван зарчмаа тодорхойлсон. Тухайлбал, нэг нэгэнтэйгээ хүндэтгэлтэй харилцах, бусад орны дотоод асуудалд оролцохгүй байх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг энх тайвнаар зэрэгцэн оршихын суурь зарчмуудыг тодорхойлсон.

Улс орон бүр энэ зарчмыг баримталбал энх тайван цогцолно. Нэг нэгнийхээ соёл уламжлалыг хүлээн зөвшөөрч, түүнд нь хүндэтгэлтэй хандаж, нэг нэгэндээ дайсагнахгүй байвал энх тайван оршино.

Ядуу орнууд хүний болон байгалийн нөөцгүй, боловсролын түвшин доогуур, шинжлэх ухааны хөгжил дорой, дэд бүтэц муу, ариун цэврийн байгууламж хөгжөөгүй гэхчлэн капиталгүй байна. Хөрөнгө оруулалтын өгөөжтэй газарт л хөгжил дэвшил ирдэг.

Хангалттай хөрөнгө оруулалт хийгдэхгүй, улс орнуудын зээлжих зэрэглэл доогуур байгаа зэрэг эдийн засгийн шилжилтийн суурь нөхцөл тогтвортой бүрдэхгүй байгаагаас бид хөгжлийн зорилтдоо хүрч чадахгүй байна. Монгол Улсад эдийн засгийн шилжилт хурдтай явж байгаа нь сайн хэрэг юм. Харамсалтай нь, олон оронд тийм биш байна.

“БАЙГАЛИЙН НӨӨЦИЙГ ХЭРХЭН ТОГТВОРТОЙ АШИГЛАЖ, ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭХ НЬ ЭДИЙН ЗАСАГТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ”

Ядуу өрх хүүхдэд сайн боловсрол олгож чадахгүй байгаа нь дэлхийн нийтлэг үзэгдэл тул тэдний боловсролд онцгой анхаарах хэрэгтэй. Ядуу орнуудад нийт хүүхдийн 25 хувь нь л дунд боловсролтой, үүнээс бага хувь нь дээд боловсрол эзэмшиж байгаа нь тогтвортой хөгжлийн тухай тогтвортой бодлого хэрэгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна.

Бид асар эмзэг ертөнцөд амьдарч байна. Дэлхий даяар эмзэг, сөрөг үйл явдлууд гарч байна. Ялангуяа, аюулгүй байдалтай холбоотой заналхийллүүд гарч байна. Жишээлбэл, өчигдөрхөн АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн амь насанд халдахыг завдлаа. АНУ гудамжинд дээрэмдэж, бууддаг аюултай орон болж байна. Үүнд гайхах хэрэггүй. Зэвсэг зарж л байгаа бол ийм зүйл болох нь тодорхой гэх мэтээр улс төрийн тогтвортой байдал, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал.

Агаар, ус, хөрс, байгалийн нөөц шавхагддаг. Нөөцийг хэрхэн тогтвортой ашиглаж, хойч үедээ үлдээх нь эдийн засагтай салшгүй холбоотой. Нүүрсийг шатааж хэрэглэснээс 100 жилийн дараа хүлэмжийн хийн ялгарал хүн төрөлхтний хөгжилд асар их сөрөг нөлөө үзүүлэхийг ухаарсан.

Хүлэмжийн хийн ялгарал хоёр дахин ихэсвэл агаарын температур 5 хэмээр нэмэгдэхийг ХХ зуунд тооцоод гаргачихсан. Иймд уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицохоос өөр арга байхгүй. Харин байгалийн гамшгийн хор хөнөөлийг хэрхэн багасгах, үүнийг хэрхэн тэсвэртэй даван туулах талаар ярих хэрэгтэй юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу