АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Бүгд найрамдах намын үндэсний их хуралд чихэндээ боолттой хүрэлцэн ирж, Пенсильвани мужид болсон жагсаалын үеэр халдлагад өртсөнөөсөө хойш анх удаа олны өмнө ил гарсан байна.

Энэ үеэр түүнийг “АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч” хэмээн олон нийтэд танилцуулжээ. Тэнд байсан хүмүүс “Тэмц! Тэмц! Тэмц!”, “Бид Трампад хайртай” гэх мэтчилэн хашгирч байсан бол Ерөнхийлөгч асан амандаа “Баярлалаа” хэмээн бувтнаж байсан аж.

Трамп АНУ-ын дэд ерөнхийлөгчийн сонгуульд Охайо мужаас нэр дэвшиж буй, сенатор Жеймс Дэвид Вэнстэй индэрт зэрэгцэн суужээ. Экс Ерөнхийлөгч чуулганы хуралдааны үндсэн илтгэлээ долдугаар сарын 18-ны Пүрэв гарагт тавих төлөвтэй байна.

АНУ-ын Бүгд найрамдах намын үндэсний их хурал Даваа гарагт Висконсин мужийн Милуоки хотод эхэлжээ. Төлөөлөгчид эхний өдөр Трампыг намаасаа Ерөнхийлөгчид, сенатор Вэнсийг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх саналыг албан ёсоор дэмжсэн байна.

Трамп ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Жо Байдентай өрсөлдөх юм.

Пенсильвани мужийн Батлер хотод Трампын уулзалт дээр зэвсэгт этгээд гал нээж, нэг дэмжигчийг хөнөөснөөс хойш 48 цаг хүрэхгүй хугацааны дараа, дөрөв хоног үргэлжлэх тус чуулган эхэлжээ. Зэвсэгт этгээдийг буудан хөнөөсөн бөгөөд түүний зорилго тодорхойгүй хэвээр байгаа аж.

Эх сурвалж: REUTERS, TASS, WSJ
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу