Монголын Эдийн Засгийн Чуулган-2024 “Go Mongolia” уриан дор амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус чуулганы “Эрсдэлийн менежмент – Бидний авсан сургамж” салбар хуралдаан дээр СЭЗИС-ийн багш, профессор Ц.Батсүх “Цалин, бүтээмжийн гачигдлын цагиргийг яаж арилгах вэ гэдэг төрийн маш том бодлого байх ёстой” гэж хэлсэн юм.

Тэрбээр “Эдийн засагт бодитоор яригддаг хоёр зах зээл байгаа юм. Нэг нь, эдийн засгийн, нөгөөх нь хөдөлмөрийн. Өнөөдрийг хүртэл Монгол Улсын төр хөдөлмөрийн зах зээлийг бараг тэр чигээр нь хаячихсан гэхэд болно. Урсгалаараа зохицуулагдаж яваа ганц зах зээл энэ.

Аливаа зах зээлийг эрэлт, нийлүүлэлт талаас нь харахад манай хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нэлээн өндөр байх хандлагатай байгаа юм. Учир юу вэ гэхээр, “Алсын хараа 2050”-д дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 6 хувьд байлгана гэж заасан. Сүүлийн хоёр, гурван жилийн эдийн засгийн өсөлтийн сааралтаас болоод үүнийг 7 хувь болгож өсгөж байж “Алсын хараа 2050”-ын зорилтуудыг хангах хэмжээнд ирэх ёстой.

Энэ утгаар авч үзвэл, өдгөө 1.4 сая хөдөлмөрийн насны хүн буюу хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг 1.9 сая болгож өсгөх шаардлагатай байгаа юм. Жил болгон 160-230 мянган ажлын байр хоосон үлдэх хандлага ажиглагдаж байна. Энэ юунаас болоод байна вэ гэхээр, хүмүүсийн ажиллах хүчний оролцооны түвшин буураад байгаа юм.

“Алсын хараа 2050” дээр 75 хувьд барина гэсэн бол одоо бодит амьдрал дээр 58 хувь, эмэгтэй хүнийх бүр 51 хувь дээр ирчихсэн байна. Хөдөлмөрийн насны хүмүүс нэг бол ажил хийхгүйгээр амьдраад байгаа байх, эсвэл ажил хийх сонирхолгүй болчихсон юм уу гэсэн асуулт гарч ирж байна. Энийг олон шалтгаанаар тайлбарлаж болох байх.

“Халамж ихэссэнээс болоод хүмүүс хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болсон” гэдэг. Энийг нотолж, баталж чадахгүй байгаа ч үнэн байж магадгүй. Хоёрдугаарт, ажиглагдаад байгаа нэг зүйл бол, цалингийн түвшин дэндүү доогуур байна. Жишээлбэл, ам.долларт шилжүүлснээр монгол хүний цалингийн түвшин сүүлийн 10 жилд зөвхөн 17-хон хувиар өссөн. Зарим жилүүдэд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад ам.долларт шилжүүлэхээр буурчихаж байгаа юм.

Ийм орчинд хүмүүс идэвхтэй хөдөлмөр эрхлэх үү гэдэг маш сонирхолтой асуудал болж байна. Яагаад цалин доогуур байгаад байна вэ гэхээр урдаас “Бүтээмж муу байгаа учраас түүнд чинь зохицуулаад цалинг чинь өгч байна” гэж хариулах байх.

Цалин, бүтээмжийн гачигдлын цагиргийг яаж арилгах вэ гэдэг төрийн маш том бодлого байх хэрэгтэй юм шиг байна” гэсэн юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу