Европын өндөр албан тушаалтан “Politico”-д ярилцлага өгөхдөө, АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр Охайо мужийн, Бүгд найрамдах намын гишүүн, сенатор Жеймс Дэвид Вэнс сонгогдвол “Украин сүйрнэ” гэсэн байр суурь илэрхийлжээ. Тус хэвлэл түүний “Энэ бол Украины хувьд гамшиг” гэж хэлснийг иш татсан байна.

АНУ-ын удирдагч асан Дональд Трамп сонгуульд ялах магадлалтай байгаа нь Европт асуудал дагуулж буй бөгөөд Вэнс дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нь “Украиныг дэмжих шинэ засаг захиргааны амлалттай холбоотой бусад асуултуудыг хөндөхөд хүргэж байна” гэж Politico тэмдэглэжээ.

Трамп өмнө нь Охайо мужаас Бүгд найрамдах намаас сонгогдсон, 39 настай сенатор Жеймс Дэвид Вэнсийг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээ зарласан. Тэрбээр 2023 оны нэгдүгээр сараас хойш Конгрессын Сенатад ажиллаж буй юм.

Вэнс 1984 оны наймдугаар сарын 2-нд Охайо мужийн Миддлтаунд төрсөн. Тэрбээр АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпуст алба хааж, Охайо мужийн их сургууль, Йелийн их сургуулийг тус тус дүүргэжээ.

Вэнс Вашингтоноос Киев рүү илгээж буй зэвсгийн нийлүүлэлтийг зогсоож, Украин дахь мөргөлдөөнийг нэн даруй шийдвэрлэхийг тууштай дэмждэг. Тодруулбал, тэрбээр “Нью-Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Украиныг төвийг сахисан статустай болгож, хилийг нь одоогийн байдлаар нь царцаах ёстой” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: POLITICO, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу