Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ноос өнөөдөр (2024.07.16) буудлагын шигшээ багийн тамирчин Н.Баяраа, О.Есүгэн нар “Парис 2024” олимпын зарим дасгалд буудах боломжгүй болсон асуудлаар мэдээлэл хийлээ.

“ХУГАЦАА ХААГДСАНЫ ДАРАА ИЙМ АСУУДАЛ ҮҮСЛЭЭ”

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.БАДАР-УУГАН:

-Зургаадугаар сарын 21-ний дотор нэр, зайгаа баталгаажуул гэсэн. Монголын буудлагын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Энхсайхан гэдэг хүн бидэнд мэдүүлгээ ирүүлсэн. Бид үүнийг л баталгаажуулсан. Долдугаар сарын 8-ны өдөр хугацаа дууссан.

Эрх нэмж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлээгүй. Хугацаа дууссан хойно нь хэлсэн. Бид ч олон улсын буудлагын холбоотой холбогдож нэмэхийг хүссэн ч боломжгүй гэсэн хариулт ирүүлсэн. Хугацаа хаагдсаны дараа ийм асуудал үүслээ. Олимп эхлэхэд арав хоногийн хугацаа үлдлээ.

“БУУДЛАГЫН ТАМИРЧИН ОЛИМПОД ОРЖ ЧАДАХГҮЙ ГЭСЭН МЭДЭЭ ХУДЛАА”

Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.ЖАРГАЛСАЙХАН:

-Монголын үндэсний олимпын хороо зуучлалын үүрэгтэй. Буудлагын холбооны албан бичгийг л хүргүүлдэг. Тухайн холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга тамирчдынхаа нэр, төрлийг илгээдэг. Олимпын хороо эрхийг нь баталгаажуулж, Олон улсын олимпын хороо руу явуулсан.

Монголын үндэсний олимпийн хороо нэмсэн болон хассан зүйлгүй. Мэдүүлэг явуулдаг, баталгаажуулдаг хүмүүсээс тайлбар авсан. Тамирчны эрх ашгийг хамгаалдаг байгууллага бол Олимпын хороо.

Монголын үндэсний олимпын хорооноос албан тоотыг Олон улсын олимпын хороо руу явуулахаар болсон. Хариу яаж ирэх нь тухайн байгууллагуудаас шалтгаална. Хэвлэл мэдээллээр гарч буй “Буудлагын тамирчин олимпод орж чадахгүй” гэсэн мэдээ бол худлаа. Үндсэн зай, төрөлдөө оролцоно. Нэмэлт төрөлд л оролцож чадахгүй.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу