Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд гадаадын “Standard Chartered”, “ING”, “Bank of China”, “ICBC”, “MUFG”, “SMBC” гэх зургаан банкны төлөөлөгчийн газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон байдаг.

Өнөөдрийн байдлаар Монголд гадаадын банк, банкны салбар байгуулах нь зөв, буруу гэсэн маргаан тасраагүй хэвээр байна. Биднийг маргах зуур дөрвөн банкны төлөөлөгчийн газар үүдээ хааж, нутаг буцсан бол үлдсэн нь мега төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хэлбэрээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг.

Европын банкуудын тухайд, Монгол Улсад гурван жил ажилласны эцэст банкаа нээх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан бол Японы “SMBC” банкны төлөөлөгчийн газар өнгөрсөн 2022 оны босгон дээр шийдвэр гаргаж, нутаг буцсан билээ.

Монгол Улсын банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай эсэх талаар Монголын эдийн засгийн чуулганы үеэр гадна, дотны төлөөлөгчид хэлэлцэж, гаднын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах арга хэмжээ авч, аж ахуйн нэгжүүдээ өөд татахын чухлыг онцолсон.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн улмаас гаднын банкууд орж ирэхгүй байх нөхцөл бүрдсэн талаар шинжээчид мэдээлж, өөрчлөх зайлшгүй шаардлагатайг анхааруулсан юм. Энэ асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайлд Б.Жавхлан, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарын илэрхийлсэн байр суурийг хүргэе.

“ГАДНЫН БАНК МОНГОЛД ОРЖ ИРЭХЭД ЮУ СОНИРХЛЫГ НЬ ТАТАХ ВЭ
ГЭДЭГ Л ЧУХАЛ”

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

Гаднын хөрөнгө оруулалт банкны салбарт их хэмжээгээр байгаа. Жишээлбэл, манай 12 банкны заримынх нь дүрмийн санд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 50-иас илүү, 60, 70 хувьтай байдаг. Дотоодын хөрөнгө оруулалт нь багахан. Гэхдээ энэ 12 банк Монгол Улсаас банкны зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа явуулж байгаа учраас дотоодын банк гэж нэрлэгдээд явж байна. Яг гаднын банкны салбар үйл ажиллагаа явуулж байна уу гэвэл одоохондоо байхгүй.

2011 он буюу эдийн засаг асар хурдтай сэргэж байх үед “Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор Английн “Standard Chartered” банк орж ирсэн. Голландын “ING” банк Монгол Улсын Засгийн газрын дотоод болон гадаадын зах зээл дээр гаргадаг бондууд дээр түлхүү ажиллахаар ирсэн. Ялангуяа Тавантолгойн цахилгаан станцын асуудал яригдаж байхад Японы “MUFG”, “SMBC” гээд хоёр банк орж ирж байсан.

Ковид, геополитикийн хүнд нөхцөлд бүх дэлхий даяар бизнес хомсдож, бизнесийн орон зай байхгүй болж байгаа учраас эдгээр банкууд Монголоос гараад явчихсан. Төалөөлөгчийн газар нээж ажиллуулж байгаад, хаагаад явсан. Гэхдээ эдгээр банкууд буцаж орж ирэхэд Монголын талаас, төр удирдлагын зүгээс бүгд нээлттэй. Ялангуяа Банкны тухай хуульд сүүлд 2021 оны нэгдүгээр сард орсон өөрчлөлтөөр гаднын банкууд оруулж ирэх томоохон хөнгөлөлтүүд хийсэн.

Гадаадын банкны салбар орж ирвэл Монгол Улс дүрмийн сан шаардахгүй. Жишээлбэл, Монголын банк гадаадад, Хонконгод ч юм уу очоод ажиллахад дүрмийн сангийн доод хэмжээ шаарддаг. 15 сая доллларын дүрмийн сан бүрдүүлж байж Хонконгод банкны зөвшөөрөл авна гэж байхад Монголд Хонконгийн банк орж ирээд, салбараа ажиллуулахад дүрмийн сан шаардахгүй.

Яагаад Монголд гаднын банк орж ирэх боломж хомс байна вэ гэхээр, Монголын нийт хүн ам 3.5 сая, 12 банк тэдэнд үйл ажиллагаагаа хүргээд явж байна. Энэ банкуудтай өрсөлдөж, 3.5 сая хүнд үйлчлэх үү гэдэг нэгдүгээр асуудал. Дээр нь цахимжсан, энэ өргөн уудам нутагт тархан суурьшсан хөдөөний айлд хүртэл банкны үйлчилгээ очиж чадаж байгаа энэ үед өрсөлдөх хэцүү нь ойлгомжтой. Тэгэхээр гаднын банк Монголд орж ирэхэд юу сонирхлыг нь татах вэ гэдэг л хамгийн чухал асуудал юм.

“ОДОО ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРЭХЭЭР ТААТАЙ
ХАРАГДАХГҮЙ БАЙНА”

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Үндэсний банкирууд маань 1990 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд өөрсдөө ямар мундаг ажиллаж чадах вэ гэдгээ гаднын хөрөнгө оруулагч нарт маш сайн харуулчихсан. Одоо стратегийн хөрөнгө оруулагчдын хуьд манайх хэдийнэ аттрактив болчихсон баайхгүй юу.

Хөрөнгө оруулагч нар орж ирээд, маш өндөр ашиг хийгээд, гарах нь гараад, тогтвортой байх нь байгаад, хувьцаагаа хэд дахин өсгөөд8 мундаг ашигтай гараад явсан арилжаанууд ч боллоо. Тэгэхээр энэ тал дээрээ бид онц болчихсон гэж хэлж болохоор. Өөрсдийгөө голох шаардлага байхгүй.

Манай дотоодын банкууд их мундаг болсон шүү дээ. Стокууд ч мундаг болсон. Одоо орж ирсэн гаднын хөрөнгө оруулагч болгон ашиг хийж байгаа юм. Үндэсний банкирууд маань хөрөнгө оруулагчдад мөнгө хийж өгдөг “машинууд” болчихсон шүү дээ.

Банк байгуулах өөр асуудал. Банкны салбар, банк байгуулна гэдэг бизнес, ашиг хайж орж ирж байна гэсэн үг. Яг өөрийнхөө мөнгийг барьж орж ирээд, энд бизнес хийх боломж байна уу, үгүй юу гэдэг дээр гаднынхан хойшоо суучихаад байна. Бид ч нэлээн хаалттай, хязгаарлагдмал байдалтай зах зээлээ санал болгоод байгаа юм

Хөөнгө оруулалтын банкны тухай хууль баайна. 2016 онд анх би гишүүн болоод, 25 гишүүн гарын үсэг зурсан, миний анхны санаачилсан хууль байсан. Харамсалтай нь, ил, далд ямар нэгэн шалтгаанаар энэ хууль батлагдаж чадаагүй.

Харин 2023 оны нэгдүгээр сарын 20-нд өнгөрсөн парламент энэ хуулийг минь баталж өгсөн. Гэхдээ жаахан жаахан өөрчлөлт орчихсон. Харамсалтай нь, дотоодын банкуудтайгаа банкны зах зээл дээр өрсөлдөөнийг дэмжих сувгууд нь нэлээн хаагдсан, хязгаарлагдчихсан. Эхний шатанд хуулиа батлуулаад авах нь их чухал. Хугацаа харъя. Нэг жил, хоёр жил өнгөрлөө. Орж ирэх нь үү, үгүй юү гээд.

Одоо гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээр таатай харагдахгүй байна. Яагаад гэвэл, өөрийн хөрөнгийн дүрмийн сангийн 200 тэрбум, өгөх зээлийнх нь хэмжээг манай дотоодын банкуудын зээл өгч чадах хамгийн дээд хэмжээнээс дээшээ байхаар заасан. Тэгээд мэдээж дотоодын зах зээлээс депозит татахгүй гээд, ер нь өрсөлдөөнийг нь нэлээн хязгаарлагдмал болгочихсон учраас тийм “буланд шахагдсан” зах зээл дээр ямар ч банк орж ирэх боломжгүй.

 

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.ОРХОН

-Монгол Улсад гаднын салбар, банкууд хөрөнгө оруулах асуудал нэлээн тодорхойгүй байсан. Зөвшөөрөөд байгаа ч юм шиг, зөвшөөрөхгүй байгаа ч юм шиг нөхцөл байдалтай жаахан удсан. Одоо хуультай болсон, хуулиндаа бүх дүрэм журмаа заагаад өгчихсөн байгаа учраас эрх зүйн хувьд орж ирэх боломжтой болсон.

Эдийн засгийн хувьд яаж байна вэ гэхээр, 2009 онд Оюутолгойн гэрээ зурагдаад, энэ том төсөл Монгол Улсад хэрэгжиж эхэлснээс хойш зөвхөн банкны салбарт гэлтгүй бүхий л салбарт гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирж байсан. Өнөөгийн нөхцөл байдалд тэр үеийнх шиг сонирхол татахуйц нөхцөл байдалтай биш байна.

Нэгдүгээр асуудал, макро эдийн засгийн нөхцөл байдал цар хүрээ, цаашдын боломж бололцоо гэх зэрэг зүйлүүдээ харахаар, Монгол Улсад хөрөнгө оруулах гаднын хөрөнгө оруулагчдын хувьд төдийлөн тааламжтай, бусад орнуудтай өрсөлдөхүйц нөхцөл байдал хараахан бүрдээгүй байгаа юм уу гэж харагдаж байгаа юм.

Би яагаад зөвхөн банкны салбарыг ярихгүй байна вэ гэхээр, Худалдаа хөгжлийн банк хамгийн том банк. Тийм учраас манай компаниудын харилцагчдын хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд ер нь ямаршуу цар хүрээтэй, ирээдүйд ямар төлөвтэй байна вэ гэдэг нь маш сайн харагддаг учраас яриад байна л даа.

Хоёрдугаар асуудал нь, банк гэдэг дотроо байгууллагаын, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох нэг хэлбэр байж болно. Эсвэл иргэдэд үйлчилдэг байж болно. Эсвэл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хөрөнгө оруулалтын банк байж болно. Тэгэхээр гаднын банкууд Монгол Улсын зах зээлийг тэр болгон сонирхохгүй болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр, хүн амын хувьд цөөхөн. Энэ дотроо цалин орлоготой, зээл авах боломжтой нь бүр бага гэдэг ч юм уу, ийм нөхцөлтэй байна.

Илүү томоохон төслүүд, корпорэйт секторыг илүү сонирхож ирэх байх. Гэтэл өнөөдөр манай аж ахуйн нэгжүүдийн байж байгаа нөхцөл гэвэл үнэхээр том том төсөл хэрэгжүүлэх сонирхол, боломж бололцоо тааруухан ийм үе таарчихаад байна.

Яагаад ингэж хэлэв гэхээр, урд нь “Том төсөл хийх гэхээр том зээл олдохгүй байна. Том зээлийг Монголын банкууд олгохгүй байна. Тийм учраас гаднын банкууд орж ирж, бидэнд том зээл өгвөл бид том зүйл хиймээр байна гэдэг зүйл илэрхийлдэг байсан бол одоо яг бодит байдал дээр юу дутагдаж байна вэ гэхээр том төсөл хийх гэхээр эрчим хүчний асар том дутагдалтай байна.

Сүүлийн жилүүдэд шинээр үүсч, бидэнд маш том асуудал болж, цаашдаа өсөн нэмэгдэх зүйл бол хүний нөөцийн асуудал байна. Тэгэхээр том төсөл хийнэ гэдэг бол санхүү, хүний нөөц, технологи, эрчим хүч гээд маш олон зүйлээс хамаараад, хэрэгжихгүй байна. Энэнээс болоод ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр, ерөнхийдөө Монгол Улсын нийт зээлийн багцыг харвал, саяхан аж ахуйн нэгжүүдийн зээл давамгайлдаг, 60, 70 хувьтай байсан бол одоо эсрэгээрээ иргэдийн буюу хэрэглээний зээл 60 хувь руу дөхөөд явж байна.

Байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн зээл агшаад байна. Энийг харин жинхэнэ гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын банкууд нөхөх боломжтой болов уу гэж боддог. Саяын хэлсэн зүйлүүдээ базаа хэлэхэд, бидэнд хамтын ажиллагаа их чухал байна. Манай сектортой өрсөлдөөд байх айхтар том зах зээл байхгүй учраас биднийг нөхөж, хамтарч ажилламаар байна.

Монгол Улсад эсрэгээрээ болчихоод байгаа энэ нөхцөл байдлыг өөрчилж, аж ахуйн нэгжүдийг босгож ирмээр байна. Хувийн бизнесийг улам сайн дэмжиж өгмөөр байна. Арай илүү томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд бидэнтэй хамтармаар байна гэж бүгдэд уриалмаар байна.

Д.ТУЯА