МАН-д цүнх баригчийн дамжаа бий. Тэр нь НАМЗХ нэртэй байж байгаад Социал демократ Монголын залуучуудын холбоо болж нэрээ өөрчилсөн. Өнөөдөр үүсэн байгуулагдсаных нь 26 жилийн ой тохиож байгаа юм байна. Энэ малгай дор багтаж явдаг хүн бүрд ойн мэндийг нь хүргэх нь зөв байх.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ зэрэг Төрийн гурван өндөрлөг тус СДМЗХ гэх цүнхчдийн армийг амжилттай эхлүүлсний үр хөврөл өнөөдөр өндөглөж байна. Хэсэг бүлгээрээ эвлэлдэн нэгдсэн залуусын сонголтыг хүндэтгэж болох ч үүнийг улс төрд орох шат дамжлага болгон зүтгэж байгаа нь буруутгах шалтгаан болж байгаа юм. Төрийн гурван өндөрлөгөөсөө эхлээд Их хурлын олон гишүүнийг өлгийдөн авсан болохоор СДМЗХ-г зорих залуусын цуваа тасрах янзгүй. Тасрах ч үгүй биз.

2015 онд НАМЗХ-гоо булаалдаж Н.Номтойбаяр, О.Содбилэг, Г.Тэмүүлэн нарыг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга тэргүүтэй нөхдүүд “Хунтайж нарын бүлэг” хэмээн нэр цохож байгаад жадлан эсэргүүцэж байв. Талцал хуваагдал тартагтаа тулж сүүлд нэг талдаа гарч байгаа харагдсан. Гэхдээ жинхэнэ хунтайж нарын бүлэглэл тэнд бүрэлдсэн. Нам дамнасан бизнесийн бүлэглэлүүдийн нялх Сэнгүмүүд тэнд өндийж байгаагаас харж болно. Долоо дордож найм сэхнэ гэж ярьдаг бол долоо, бүр найм дордчихсон. УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал нялх Сэнгүмийн бүлгийг тэргүүлж байна. Амьдралаас хэт тасарсан нэг бүлэг ч биш бүлэглэл тэнд өндийж байгаа юм.

Хоёр жилийн өмнө СДМЗХ нь НАМЗХ нэртэй байхдаа Дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугарыг, Удирдах зөвлөлийн гишүүдээр Г.Дашням, Б.Бадрахжаргал, Ч.Ганзориг, Б.Баттулга, Г.Анархүү, О.Өнөржаргал нарыг сонгож байв. Э.Батшугар нь МАХН-ын дарга асан Н.Энхбаярын хүү бөгөөд хуучин МАХН-ын квотоор дэд Ерөнхийлөгч болж байлаа. Тэндээсээ УИХ-ын гишүүн болсон болохоор хүн бүр тийш тэмүүлэхээс өөр аргагүй болгож байгаа биз дээ. Харин Удирдах зөвлөлд орсон Г.Дашням нь “МТ” группийн ерөнхийлөгч Р.Ганзоригийн хүү бол, Б.Бадрахжаргал нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Хоохорын Бадамсүрэнгийн хүү, Ард Ганхуягийн дүү Чулууны Ганзориг гэх мэтчилэн цуваа цааш үргэлжилнэ. Жинхэн хунтайж нарын бүлэглэл тэнд бүрэлдэж, улс болж тоглохоор шийджээ. Түүнээс өмнө Сү.Батболдын хүү Баттүшиг ч Дэд ерөнхийлөгч гэх сүртэй албыг хашиж байлаа.

Оюутан ахуй цагаасаа МАН-ын босгыг элэгдтэл зараалд гүйж, сонгууль бүрийн анхан шатанд хөлсөө цувуулж, хүн бүрийн арга эвийг олох гэж гүйж ирсэн залуус хаалганы цаана үлддэг хуучин НАМЗХ-д салхи савир ороогүй. Оруулах ч үгүй юм байна гэдэг нь харагдаад байгаа юм. Намынхаа анхан шатнаас эхлээд бүх зүйлд нь сэтгэл зүтгэл гарган оролцдог залуусын хувьд тунчиг гомдолтой явдагаа ярьдаг юм билээ.

СДМЗХ нь залуучуудын байгууллага мэт боловч УИХ-д нэр дэвших, Сайд, ТНБД, Дэд сайд, агентлаг, газар, хэлтсийн даргаас эхлээд бүх томилгоонд оролцож, квотын хүрээнд тэргүүндээ ойр хүмүүс нь шагналаа хүртээд явдаг тийм эрх мэдэлтэй юм. МАН-ынхан залуучуудын байгууллагаа хамгийн сайн ашигладаг бол бусад улс төрийн хүчнүүдэд нэр төдий байхаас МАН-ын СДМЗХ шиг хүчирхэг биш. Ардын хүүхэд сонгуулийн арын ажилд ханцуй шуун гүйж, гудамжны жагсаал цуглаанд хэд хэдэн хүн олж ирэх даалгавар биелүүлдэг бол хөрөнгөтэй айлын хүүхдүүд дараагийн шатны дарга болох гишгүүрээ хамгийн сайн бэлддэг газар болсон нь нууц биш.

“Хунтайж нарын бүлэглэлтэй тэмцэнэ” гэж лоозогнож байсан хуучин НАМЗХ одоо жинхэнэ утгаараа “Хунтайж нарын бүлэглэл” болчихоод байгаа юм. Жолооч Ухнаагийн хүү Хүрэлсүхийн байгуулсан залуучуудын байгууллагад “такс”-аа төлөх чадвартай айлын хүүхдүүд кофе эргүүлэн гиюүрч байна.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу