“Парис-2024” наадмын буудлагын төрөлд Монголоос гурван тамирчин өрсөлдөх бөгөөд урт бууны тамирчид бүх дасгалдаа оролцохоор болжээ.
Урт бууны төрөлд өрсөлдөх Н.Баяраа, О.Есүгэн нарын мэдүүлгийг явуулахдаа оролцох дасгал, зайг дутуу бөглөсний улмаас асуудал гарсан тухай мэдээлэл цахим орчинд газар авсан. Улмаар тамирчид энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг Монголын үндэсний олимпын хорооноос хүссэн юм.
Харин асуудал гарсан цагаас хойш МҮОХ-ныхон Олон улсын буудлагын холбоо болон Олон улсын олимпын хороо, Парисын наадмыг зохион байгуулах хороо зэрэг байгууллагууд руу албан тоот, хүсэлт илгээсэн нааштайгаар шийдэгджээ.
Тодруулбал, дээрх байгууллагуудаас зөвшөөрөл олгосноор Монголын буудлагын тамирчид бүх дасгалдаа буудах боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл, урт бууны тамирчид 50 метрийн гурван байрлалаас буудах дасгал, 10 метрийн хийн урт бууны дасгал болон холимог багийн төрөлд өрсөлдөнө гэсэн үг.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу