Израиль Газын зурваст нэг цагийн дотор гурван удаа агаараас цохилт өгсний улмаас 48 палестин амь үрэгджээ. Газын төв хэсгийн Нусейрат дүүрэгт байрлах НҮБ-ын мэдэлд байдаг сургуульд дор хаяж 25 хүн халдлагын золиос болж, өмнөд хэсгийн Хан Юнис хотод 18 хүн, Газын хойд хэсэгт орших Бейт Лахия хотод таван хүн тус тус амиа алдсан байна.

“Al Jazeera”-гийн мэдээлснээр, 2023 оны аравдугаар сарын 7-ны өдрөөс хойш Израилийн зэвсэгт хүчний халдлагын улмаас 38713 иргэн амиа алдсан бөгөөд дийлэнхийг нь эмэгтэйчүүд, хүүхдүүд эзэлж, нийт 89 мянга гаруй палестин шархаджээ.

Палестины радикал “ХАМАС” зэвсэгт бүлэглэлийн гишүүд өнгөрсөн 2023 оны аравдугаар сарын 7-нд Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрч, хил орчмын суурингийн оршин суугчдыг хөнөөж, хүмүүсийг барьцаалсны дараа Ойрхи Дорнодын нөхцөл байдал эрс дордсон билээ.

Үүний хариуд Израиль Газын зурвасыг бүрэн бүслэн хааж буйгаа зарлаж, ХАМАС болон Ливан, Сирийн зарим хэсэгт цохилт өгч, үүний дараа тус бүс нутагт хуурай замын ажиллагаа явуулж эхэлсэн.

АНУ-ын Энх тайвны төлөөх еврейн дуу хоолой (JVP) бүлэглэлийн идэвхтэн “Байдены засаг захиргаа Израильд “Газад геноцид хийхэд” идэвхтэй тусалж байна” гэж мэдэгджээ.

JVP олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан дэмжигчдэдээ “АНУ-ын бүрэн дэмжлэгтэйгээр Израилийн засгийн газрын геноцид хурдацтай явагдаж байна” гээд,  Израилийн эсрэг арга хэмжээ авахыг уриалж, тэдний улс төрийн төлөөлөгчидтэй холбоо барьж байгаа аж.

Израилийн зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари “ХАМАС-ын удирдагчид ‘зөрүүдлэхээ больчихвол’ Газын ард түмний зовлонг эцэслэж чадна” гэж хэлжээ.

Эх сурвалж: AL JAZEERA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу