Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр (2024.07.17) мэдээлснээр, голын усанд сэлэхээр ороод живсэн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа ажээ. Тодруулбал,

Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км/ гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:23 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид,  Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэн Ё/30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 07.16-ны өдөр осолдсон газраас Орхон, Ерөө голын бэлчир хүртэл 37 км-т 2 завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялага зэргээр самналт хийж, 20:50 цагт түр зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 05:00 цагт дахин эхлүүлжээ.

Мөн Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 4 км гэр бүлийн хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, иргэн Б/21 настай, эрэгтэй/-ийг 07.15-ний өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:00 цаг хүртэл “Хуучин модон гүүр” гэдэг газраас хойд зүгт “Жоогон” уул гэдэг газар хүртэл 7.5 км зайд 3 удаа, “Жоогон” уул гэдэг газраас хойд зүгт “Булган” уул гэдэг газар хүртэл 15.5 км-т, нийт 38 км-т “Туул” голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоожээ.

Өчигдөр буюу долдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, анх осолдсон газраас “Булган” уул гэдэг газар хүртэл 22.7 км завиар 2 удаа, голын салаа урсгалаар явган эрлийн ажлыг явуулсан байна.

Мөн анх осолдсон газар “Якорь” ашиглан, хайгуулын ажлыг зохион байгуулсан ба “Жоогон” уул гэдэг газар хүртэл 7.5 км завиар 4 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 22:00 цагт түр зогсоосон бөгөөд өнөөдөр 07:00 цагт дахин эхлүүлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу